Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Агаарын бохирдлын ард юу нуугдана вэ?

Агаарын бохирдлын ард юу нуугдана вэ?

Нийслэлийн гэр хороололын  200 гаруй мянган айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш түлэх шийдвэрийг засаг төрөөс гаргаснаас хойш 5 жилийн нүүрийг үзлээ. 

“Шинэхэн дээрээ сонихон” гэгчийн үлгэрээр эхний нэг жилд агаарын бохирдол үнэхээр мэдэгдэхүйц буурсан, бууруулахын төлөө бүх шатандаа хичээж ажилласан  нь иргэд сонгогчдын дэмжлэгийг авч, 2020 оны сонгуулиар МАН-ыг  УИХ, НИТХ-д олонхийг бүрдүүлэхэд хүргэсэн.

Гэвч.., тэр цагаас хойш агаарын бохирдол буурах асуудал худлаа болсон. Татвар төлөгчийн мөнгөөр хотын зүүн талд нэмж сайжруулсан түлшний үйлдвэрийг барьж, түлш үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, жил бүр энэ чиглэлд татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөг зарцуулсан ч тусыг эс олов.

Төр засгийн байгууллагаас Таван толгой түлш компаний үйл ажиллагааг бүх талаар анхаарч, хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, айл өрхийг түлшээр хангаж байгаа байгууллага хэмээн “өргөмжилж”, өргөж, дэмжиж ирсэн.

Харин цаадуул нь “намайг хэн тоох вэ, нохойг хэн саах вэ” гэгчийн үлгэрээр хууль дүрмийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж, төсвийн хөрөнгийг ах дүүс, амраг садан, найз нөхөд, дүүрэг хороогоороо нийлэн “идэж уусан” нь түрүүчээсээ ил болж эхэллээ.

Таван толгой түлш компанитай холбоотой олон но-той, ноцтой баримтууд УИХ-аас зохион байгуулсан нүүрсний сонсгол дээр илчлэгдлээ.

Ёстой нөгөө “Хүрээний бузрыг ярьвал далай далай” гэгчийн үлгэрээр Таван толгой түлш компанийн идэж уусныг ярья гэвэл цаг, цаас хоёр хүрэлцэхгүйд хүрнэ биз.

Гэхдээ тэдний татвар төлөгчийн мөнгийг хэрхэн “цусалсан”, хэрхэн идэж уусан, шамшигдуулсан талаар Нүүрсний сонсголд дурьдагдсан зарим баримт бүхий мэдээллээс товчлон дурьдвал  “бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн компанид тендергүй сонгон шалгаруулалтаар ажил өгчихдөг, архивын болон санхүүгийн баримтаа “санаатайгаар” усгачихсан байж болзошгүй, 770 гаруй сая төгрөгөөр барьцалдуулагч хийнэ гурил аваад гээд, туршилт бүтсэнгүй гээд акталчихсан, 3.2 тэрбум төгрөгийн зарлагыг санхүүгийн бүртгэлд тусгаагүй, 19.6 тэрбумаар шуудай нийлүүлсэн компани нь ТУЗ-ын гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий этгээдийн компани байсан,  ТТТ компани нь алдагдалтай, өртэй байхад ТУЗ-ийн гишүүд нь өөрсдийгөө хэдхэн арван сая төгрөгөөр урамшуулаад шагначихдаг, ТТТ компанийн Ерөнхий нягтлангийн нөхрийн хувийн данс руу мөнгө шилжүүлдэг, их хэмжээний бэлэн мөнгийг ажилтнууд руугаа шилжүүлж, тэд хятадын компанитай барьцалдуулагчийн гэрээ хийж, мөнгө төлсөн” гээд олон баримтыг хэлж болно. (УИХ-ын сонсгол дээр ТТТ компанитай холбоотой мэдээллийг энд дарз үзнэ үү)

Тэдний энэ үйлдэлд төрийн нэрийн өмнөөс прокурор гомдол гаргаж, эдгээр баримтын мөрөөр орж, татвар төлөгчдийн мөнгөөр “дураараа дургисан, хувьдаа завшсан, тендергүйгээр идэж уусан” дээрх нөхдүүдийг хууль хяналтын байгууллага татан шалгаж, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг нь үүрүүлэх учиртай.

Харамсалтай нь энэ бүхний цаана улс төрийн “хамгаалалт” байгаа учраас ТТТ компанийн нөхдүүд ингэж дураараа дургисан, хууль хяналтын байгууллагад шалгуулалгүй явж ирсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна.

Магадгүй МАН сонгуулийн зардал, Сонгинохайрхан дүүргээс улбаатай нэр бүхий улс төрчдийн тойрогтоо ажиллах, сонгуулийн мөнгөө босгох, ухуулагч, намын гишүүд дэмжигчиддээ “урамшуулах” зардлаа “олох” нэг арга хэрэгсэл нь ТТТ компани байсан юм биш биз гэж бодоход хүрч байна.

Тийм биш бол АТГ энэ байгууллагыг, албан тушаалтнуудыг нэн даруй шалгах хэрэгтэй.

Тухайлбал, манай сайт өмнө нь мэдээлсэнчлэн тус компанид ургийн сүлжээ бий болгож, өөрийгөө тойрон хүрээлэгчидээ ах дүүс, найз нөхөд нэг хороонд хамт ажиллаж байсан  хүмүүсээр дүүргэж, бүх тендер, тээвэр, түгээлтийн санхүүг “атгаж хэрэгжүүлдэг” ТТТ компанийн Захиргаа удирдлагын газрын дарга, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ууганцэцэг, тус компанийн Чанар борлуулалтын газрын дарга, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ундармаа нарыг АТГ-аас шалгах ёстой. Тэд өмнө нь хэний сонгуульд ажиллаж байсан, хэн гэдэг улс төрчтэй хамааралтай байж болох, хэн тэднийг ТТТ компанид томилуулсан зэргийг тодорхой болгоход тэдний цаана нуугдах улстөрчид ил болно. Г.Ундармааг АТГ-өөс өмнө шалгаж байсан ч асуудал нь тэгсгээд “замхарсан” нь мөнөөх л улс төрчтэй холбоотой биз гэж хардах үндэслэлийг төрүүлж байна.

Мөн ТТТ компанийн энэ бусармаг үйл ажиллагаанд “Эрдэнэс монгол” компанийн удирдлагууд хяналт тавьж ажиллах ёстой ч магадгүй мөнөөх СХД-ээс “гарвалтай” улс төрчийн нөлөөнд автаж хяналтын мехнизмаа хэрэгжүүлээгүй байх.

Энэ талаар бид дараагийн нийтлэлээр баримт түшин мэдээлэх болно.

Агаарын бохирдлын ард улс төрийн тохироо, авлигын сүлжээ, ард түмнийг “залилах” арга нуугдана бус уу...

Хэсэг бүлэг нөхдүүд ингэж  агаарын бохирдлоор амьжиргааны эх үүсвэр, амьдрах нөхцөл, баяжих аргаа  болгож байхад түмэн тэднээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг зүгээр л харсаар суух уу бид...

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)