Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.27

Агаараар мөнгө хийгсэд#2: Нийслэлийн иргэн таны амьсгалж буй “хорт утаагаар” нэг хэсэг нь мөнгө хийж байна

Агаараар мөнгө хийгсэд#2: Нийслэлийн иргэн таны амьсгалж буй “хорт утаагаар” нэг хэсэг нь мөнгө хийж байна

Нийслэлийн иргэн таны амьсгалж буй “хорт утаагаар” нэг хэсэг нь мөнгө хийж байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна гэж нийтээрээ 4 жилийн өмнөөс хөдөлж, Засаг төрөөс түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гарч, “Тавантолгой түлш” компанийг төрийн оролцоотой байгуулан, баруун зүүн бүсэд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулж, “Энержи ресурс” ХХК-ийн нийлүүлж буй баяжуулсан коксжсон нүүрсний “хаягдал”-ыг нийслэлд зөөж ирэн, үйлдвэрт оруулж барьцалдуулж, сайжруулсан шахмал түлш нэрээр иргэдэд нийлүүлдэг болоод бараг 4 жилийн нүүрийг үзэж байна.

Шийдвэр гаргагсад сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын утаа 50-60 хувь буурна гэж мэдэгдэж, амлалт өгч байв. Эхний жилд нийтээрэ хөдөлсөний үр дүнд агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан ч дараах жилүүдэд бодитой үр дүн гарсангүй гэж хэлж болохоор байна.

Харамсалтай нь агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвөөс зарцуулж байгаа асар их хөрөнгө мөнгийг дэд сайд, нийслэлийн ИТХ-ын даргаас эхлээд Сонгинохайрхан дүүрээс угшилтай, хороон дарга байсан нэр бүхий хэдхэн хүмүүсийн гарны салаагаар урсаж, эцэст нь ард түмэн хохирч, тэд бэлжиж “таргалсан” тухай баримттай мэдээлэл бидэнд ирэх боллоо.

Одоо, олон нийт үнэнийг, баримтыг мэдэх цаг хэдийнэ болсон. Ялангуяа дараах асуудлуудын үнэн мөнийг, учир шалтгааныг иргэд мэдэх эрхтэй.

-  Юуны өмнө нунтаг нейтлингийг барьцалдуулагч бодисыг хэн, хэзээ, хаанаас хэрхэн нийлүүлдэг вэ?, Энэ нь манай улсын болон ОУ-ын ямар лабораторийн шинжилгээгээр хүний эрүүл мэндэд хоргүй гэдэг нь нотлогдсон эсэхийг нийтэд мэдээлэх шаардлагатай

- Агаарын бохирдлын нөхцөл байдлыг тогтоолгохоор олон улсын шинжээчдийн багийг урих, олон улсын лабораторид шинжлүүлэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологид суурилсан багажаар хүний эрүүл мэндэд хортой хүхэр, хүнцэл зэрэг элементүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэрхэн давсныг олж тогтоон, олон нийтэд мэдээлэл хүргэх, шүгэл үлээх шаардлагатай нөхцөл үүсжээ.

- Улаанбаатар хотын агаарын бохирдол хэдэн хувиар хэрхэн яаж буурав гэдгийг иргэдэд мэдээлэх?

- Нэг жилд барьцалдуулагч бодист зарцуулж байгаа төсвийн 25 тэрбум төгрөг, нийт 4 жилийн хугацаанд зарцуулсан 100 гаруй тэрбум төгрөгийг ямар нууц эзэдтэй, ямар нэртэй компаниуд авч, хаанаас барьцалуулагчаа хэрхэн нийлүүлэв, одоо хэн хаанаас нийлүүлж байгааг олон нийтэд хүргэх?

- “100 ямаанд жаран ухна” гэгчийн үлгэрээр “Тавантолгой түлш компанийн захиргааны ажилтнуудын дунд ажил үүргийн давхцалтай, ах дүүс, худ ураг, найз нөхөд, амраг садны барилдлагаатай, нэг хороонд хамт ажиллаж байсан гэдгээрээ нэгнээ татсан, албан тушаалд томилсон хүмүүс хэд байгаа вэ, товчхондоо улсын компаниар дамжуулан ураг төрлөө тэжээдэг болсныг илчлэх?

- Сайжруулсан түлшний түүхий эдийг судлах, санал боловсруулах, газар дээр нь очиж танилцах нэрээр Таван толгой түлш компанийн удирдлагууд төсвийн хэдэн зуун сая төгрөгөөр өмнөд хөрш рүү удаа дараа зорчсон авч үр дүн гарсангүй нь харамсалтай.

- Зөвхөн өөрт хамааралтай, ашиг сонирхол нэгтэй, ахан дүүс, найз нөхдөөрөө багаа бүрдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэрт монополь эрх тогтоож, үнэлгээний хороог өөрсдийн хүмүүсээр томилуулж, бүх төрлийн худалдан авалт, тээвэрлэлт, түгээлтэд зохион байгуулалттай “авлигын сүлжээ” байгуулж, түүнийг нь мэдсэн хэн бүхнийг ажлаас нь чөлөөлнө хэмээн айлган сүрдүүлдэг, эрхшээлдээ байлгадаг, бөөнөөр нь ажлаас чөлөөлж, олноор нь тушаал гаргаж ажилд авдаг гэх зэрэг эрүүл ухаанд баймгүй компанийн “хүчирхийлэл” “Таван толгой түлш” компанид нүүрлэснийг бид баримтаар дэлгэн үзүүлэх болно.

Цаашдаа сайжруулсан түлш үйлдвэрлэж, түгээж, түлүүлж, агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь бодит байдал дээр ямарч боломжгүй гэдгийг өнгөрсөн 4 жилийн түүх, угаартаж нас барсан олон хүний амь нас бидэнд нотлож өгсөн бус уу.

Харин сайжруулсан түлшний үйлдвэр, барьцалдуулагч нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт, шуудай худалдан авалт зэрэг бүх үйл ажиллагааны цаана цөөнгүй хүн түрийвчээ зузаалж, нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насыг “золин байж” бэлжсэн гэдгийг хэлчихэд буруудахгүй бизээ.

Тиймээс манай сануулга.мн энэ асуудалд шүгэл үлээж, буруу бусармаг, хулгай худалтай холбоотой бүх мэдээллийг үе шаттай, баримттайгаар дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ АТГ-т шалгуулахаар тодорхой баримт үндэслэл бүхий мэдээллийг гардуулан өгөх болно. Нийслэлийн иргэн таны амьсгалж буй “хорт утаагаар” нэг хэсэг нь мөнгө хийж, ашиг олж байна гэдэгт та итгэх үү?

Үргэлжлэл бий...

А.Галт

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 3 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)