Суралцах нөхцөл бүрдээгүй гээд хүүхдүүдийн ирээдүйг золиослох уу?
2021 оны байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11.835 хүүхэд бүртгэгдсэн. Энэ нь Монголын нийт хүүхдийн 1 хувь нь гэсэн үг. Тэднээс 2422 нь хөдөлгөөний, 2263 нь оюуны, 1087 нь харааны бэрхшээлтэй. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 3-5 насны 1629 хүүхэд байгаагаас 1023 хүүхэд нь боловсрол мэдээллийн системд бүртгэгдэж, 311 хүүхэд нь тусгай цэцэрлэгт бусад нь ердийн цэцэрлэгт явдаг байна. Сургуулийн насны буюу 6-17 насны 8873 хүүхэд байгаагаас боловсролын мэдээллийн системд 6208 хүүхэд бүртгэгдэж, үүнээс 1683 хүүхэд нь тусгай сургуульд, 4500 гаруй хүүхэд нь ердийн сургуульд боловсрол эзэмшиж байна. Тэгвэл үлдсэн нь сургуульд хамрагдаж чадахгүй үе тэнгийнхнээсээ хоцорч, нэг үгээр хэлбэл нийгмийн амьдралаас орхигдож байна.
Манай Улс 2009 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц”-д нэгдэн орж, улмаар дотоодын холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсэн хөтөлбөртэй дүйцэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан баталсан байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих хууль тогтоомж мундахгүй ч тэд амьдрал дээр шаардлагатай дэмжлэгийг авч чадахгүй хэвээр л байна. Сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 100 хувь суралцаж чадахгүй байгаа нь дээр дурдсан тоо баримтаас харагдаж багаа байх. Улсын хэмжээнд Хараа, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тус бүр нэг, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн дөрөв нийт 6 тусгай сургууль байдаг. Гурван жилийн өмнөөс орон нутгийн сургууль цэцэрлэгүүд хажуудаа тусгай бүлэг нээж, 420 орчим хүүхэд хамруулан,тархины саажилттай хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулж байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй адил чанартай боловсрол эзэмших эрхтэй гэж бид байнга ярьдаг ч амьдрал дээр хангалттай үр дүнд хүрэхгүй л байна. Боловрол олж аваагүй тохиолдолд ажил эрхлэх боломж улам бүр хумигдсаар байх болно. Бүрэн дунд боловсролгүй хүмүүст ажил олдох боломж дээд боловсролтой хүмүүсээс даруй гурав дахин бага байдаг судалгаа байдаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хийгээд боловсролын түвшин бага бол хөдөлмөр эрхлэлтийн боломж улам бүр буурах нь тодорхой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил эрхлэлтийг ярих бол хүүхэд наснаас нь авах боловсролын хүртээмжийг ярихаас аргагүй. Цаашлаад ажлын байран дээр гарах итгэл, сэтгэхүйн асуудал ч хөндөгдөнө.
Ер нь энэ зорилгод хүрэхийн тулд олон зүйл ярьж таарна. Тухайлбал, тусгай хэрэгцээт хүүхдийг энгийн сургуульд хамруулаад зогсохгүй сургууль хэрэгцээнд нийцсэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж чадаж байна уу гээд ярих зүйл олон. Эцэг эх үүнд хяналт тавьж багштайгаа илүү ойр дотно ажиллах шаардлага бий. Тусгай хэрэгцээт хүүхдийг анги хамт олноороо гадуурхахгүй хүлээн зөвшөөрч нэгэндээ тусалдаг анги олон байх нь хамгаас чухал. Сурагчид сургууль дээрээ алдах, эсвэл хичээлээ сайн ойлгохгүй байх үед нь загнаж үгүйсгэхгүй, хүүхэд болгон айж эмээхгүй, тайван, идэвхи, сонирхолтой суралцахад таатай орчныг бүрдүүлэх учиртай. Сургуулийн зүгээс багш ажилтнууд гэлтгүй бусад хүүхэд, тэдний эцэг эх, гэр бүлд нөлөөлж оролцоог нь нэмэгдүүлбэл илүү ач холбогдолтой. Хөгжлийн бэрхшээлийг бага насанд нь эрт илрүүлж хөгжил, сонирхлыг нь дэмжих нь манай улсад нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай сэдвийн нэг. Төр засгаас хөгжлийн бэршээлтэй хүүхдэд эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комисс байгуулах шийдвэр гаргаж байсан. Өмнө нь 0-16 нас хүрсэн хүүхдийг насанд хүрэгчдийн адилаар эмнэлэг хяналтын хурлаар оруулж хөгжлийн бэрхшээлийг нь тодорхойлж, халамжийн асуудлыг шийдэж өгдөг байсан цаг саяхан. Энэ комисс байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, боловсролд хамруулахад том ахиц гарсан. Хөдөө орон нутаг болон байнгын хэвтэрт байдаг, алслагдсан гэртэй хүүхдүүдэд явуулын үйлчилгээ хамгийн үр дүнтэй байдаг. Харин харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичгийг брайл хэлбэрт оруулж, зарим сурах бичгийг “Дэйзи” буюу сонсох хэлбэрт шилжүүлэх, харааны болон сонсголын бэрхшээлтэй сурагчдад нэн тэргүүнд шаардлагатай хэрэглэгдхүүнээр хангаж ажиллах шаардлага байна. Мөн оюуны бэрхшээлтэй сурагчдад тулгардаг асуудал нь олж авсан мэдлэгээ амархан мартдаг, эсвэл олсон мэдлэгээ амьдрал дээр бодитоор ашиглаж чаддаггүй тул оюуны хөгжилд нь тааруулан суралцах агуулагад өөрчлөлт хийх, хараад ойлгоход хялбар байхаар зураг ашиглаж хүүхэд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд туслах энэ талын хичээл оруулж дэмжлэг үзүүлэх, аутизмтэй сурагчдад тулгардаг хүндрэлтэй асуудал бусад хүнтэй харилцахад хүндрэлтэй хэл ярианы хөгжилд нь илт хоцрогдолтой, ярьсан зүйлээ өөр утгаар ойлгох гэх мэт онцгой шинж тэмдгүүд ч анхааран ажиллах зүйл мөн билээ.
Тэгш хамруулан сургах боловсролыг бодит ажил болгох шаардлага бидний өмнө сорилт болсон хэвээр л байна. Тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургуульд хамруулаад л орхиж болохгүй юм. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад тулгамдаад байгаа асуудал дээр төр засаг, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн гурвалсан холбоотой нягт уялдаатай байж, ирээдүйд тэднийг бие даан ажиллах хөрс суурийг бэлдэж өгөхгүй бол олон талын асуудлыг бий болгосоор байх болно.
Р. Болортуяа