Эхлээд “УХАА ХУДАГ,ОНТРЭ,ТӨГРӨГ НУУРАА” дараа нь Л.Оюун-Эрдэнээ гэсэн дээр байх даа...

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн суудал түүний өгзөг дор байсаар атал, уг суудлыг, сандлыг мөрөөдөх их аян үргэлжилэн байгааг монголчууд харж байна.Эхлээд түүний суудал яагаад, юуны учир, ямар учраас бусдад мөрөөдөгдөх болов гэдгийг тунгаацгаамаар байгаа юм. За жишээ нь, “Оюу толгой” гэдэг компани их сонин зүйлс яриад байгаа. “ОНТРЭ” гэдэг нь ч мөн адил. Жавхлант, Шивээ толгой ордуудыг Оюу толгойд шилжүүлж олборлолт хийхээ Монголоор заалгахгүй гэж байгааг түмэн олон харж, мэдэж, сонсож байгаа байх. Монголчууд Рио Тинто Оюу толгойтой л гэрээ хийсэн, 34 хувийн хууль ёсны эзмэшигч. Баялагын эзэн. Тэгтэл эзэнд юмыг мэдүүлж, эрэгт усыг хашуулахгүйгээр шийднэ, бид ашиг хуваах гэрээтэй гээд даналзацгааж байна шүү дээ, ОНТРЭ-чүүд. Зүй нь бид “ОНТРЭ”-тэй шинэ хэлцэл, шинэ эрх ашиг ярих, хэлэлцээн хийх, тэгж байж баялагаа ашиглуулах хууль ёсны эзэн бөгөөд эрхэт Монголчууд. Гэвч тэгэхгүй гэхийн цаана Л.Оюун-Эрдэнээр туг тахихын ёр байгаа юм. Ухаа худаг 350 сая доллараар зээлийн барьцаанд оржээ. Мөн л бусдын өвөрт. Монголчуудын бус шүү. Ухаа худагаа ард түмнээрээ , аж ахуйн нэгжтэйгээ бүгдээрээ хуваагаад идье ээ гээд Л. Оюун-Эрдэнэ яриад, зүтгээд байгаа. Баялагийн сангаа баараггүй бат уут болгоё, тогоо болгоё, бүгдийн идэх тийм том тогоо болгоё гээд хэлээд байгаа. Н.Учрал бас хамт довтлоод Төгрөг нуураа авая аа,Х.Баттулгаа гээд мөн л дэмнээд явж байгаа. Тэгээд л Засгийн тэргүүн өөртөө огцрохын бугуйл шидүүлчихсэн байж байгаа нь энэ.Хөрөнгө хураана гэж мөн зүтгэж байгаа. Хууль бусаар баяжин хөлжиж, ард түмний хөрөнгөөр цадчихаад ард түмний дээр хэхрээд байгаа нөхөдтэй л үзээд л байгаа хүн л дээ, угтаан энэ Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэдэг нөхөр. Хууль номоо ярьсаар яваад юунд ч тулсан зүтгээд бай гэсний нь биелэл, одоо ингээд олигархиудтай, орд эзэмшигчтэй тулаад, өөрөө орших эс оршихын дэнсэнд ирсэнээр ард түмэнд ойлгогдож байна. Нийтийн эрх ашгийн төлөө явсан хүнд нийтийн хүч л ирдэг. Тэр л хүчээр энэ он жилүүдэд тэр засагласан байх. Ковидтой тулсан, авлигатай тулсан. Одоо харин тийнхүү туулаад, бас дарж чадсан орд авилга нь бүлэглэлийнхэн, Ерөнхий сайд болохыг хүсэгчидийн вирус болжээ. МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх уу, байхгүй болох уу гэдгийг шийднэ. МАН-ын Бага хурлынхан ковидын үеийн масктай байсан шигээ маск зүүж нүүр буруулалгүй Л.Оюун-Эрдэнийнхээ хийсэн бүтээсэнийг дүгнээд, бид аль зэрэгтээ яваа билээгээ эргэцүүлцгээх хэрэгтэй. Бид Монголын Ерөнхий сайдыг үлдээх үү, компанийн юм уу, бүлэглэлийн Ерөнхий сайдыг томилох гэж байна уу гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Яг энэ л үед, одоохондоо Л.Оюун-Эрдэнээ оосорлож байсан нь дээр байх даа. “Хүргэн хүү” кинонд Жамц баян “Одоохондоо Дэмбэрэлээ л оосорлож байсан нь дээр байх аа” гээд догирхож суудаг. Хайдав шиг нөхөр гарч ирээд, хамаг морь унаад, олсон хураасаныг барвал яана даа, МАН-ынхаан.
Б.ЖАНЛАВ