У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид ч “Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д дахин нэр дэвшихгүй” гэсэн заалт бүхий хууль санаачлах эрх байж л байна

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хүүхдийг тойрсон бужигнааны хажуугаар Х.Баттулга бас бужигнуулаад л явна. Учир юун хэмээвээс, мань хүн Ардчилсан намынхаа бүлгийн зарчимлан хэрэгжүүлж байгаа, Ерөнхийлөгч байсан нөхөд дахин Ерөнхийлөгчид дэвшихгүй байх хуулийн гаргалгаанд гарын үсэг зурж. Бүлгийнх нь 43-ын 36 нь ингээд Ерөнхийлөгч байсан хүн дахин Ерөнхийлөгчид хүч үзэж болохгүйг хорьсоны нэг нь Х.Баттулга болжээ.
Энэ нь ямар учиртай байв гэхээр, ерөөсөө л Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй өрөг нүүсэн, түүнтэй тэнссэн явдал аж. Одоогийн төрийн тэргүүнд дахин Ерөнхийлөгчид дэвших сонирхол байх талтай байгаа. Үүний тулд Үндсэн хууль өөрчилж байж зам нээгдэнэ. Х.Баттулга ч мөн Ерөнхийлөгчид хүч үзэх хүсэлтэй ч, одоогийн энэ Бүлгийнхээ зарчимласанд гарын үсэг зурж, үүнийгээ зарлан мандааж байгаа нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид “Хоёулаа дахиж төрийн тэргүүний төлөө үзэхгүй юм шүү” л гэсэн илэрхийлэл болж уншигдаж байгаа юм. Тэгж ойлгуулж, өөрөө үлгэрлэж байгаа мэтээр харагдуулж байгаа юм.
Энэ парламентын 126 тангараг өргөж байх үед У.Хүрэлсүх Х.Баттулгыг хараад инээвхийлж байгаа зураг байдаг. Тэндээс “Үгүй ээ мөн, их эр шүү, хойт бүсээс ганцаараа цойлоод гараад ирэх шив дээ. Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. За одоо яалтай билээ” гэсэн шиг байгаа байдал уншигддаг. Ер нь Ерөнхийлөгч байсан хүн дахиж УИХ-д орж ирэх зөвгүй, уруудсан л барилдаан л даа. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид ч “Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д дахин нэр дэвшихгүй” гэсэн заалт бүхий хууль санаачлах эрх байж л байна.
Өнөөдрийн өндөрлөгүүдэд нэгнээ “төрүүлэлцсэн” эдгээр хоёр хүн, эдгээр гаргалгаануудын цаана, 2028 оны намар чөлөөт иргэн болцгоогоод хундага тулгахын өлзий ерөөл ч байгаа юм шигээр олон түмэнд ойлгогдох аж.
Б.ЖАНЛАВ