Коксыг умартаж, уранд төвлөрөөсэй
ГҮН СЭТГЭГЧ САЙД Чойжоо хэд хэдэн АЛДАРТАЙ эшлэл айлдсан байдаг. Тэрхүү айлдвараараа ч түмний дунд түргэн танигдаж, адлагдаж, АЛДАРШСАН.
Хотын утаа салхи гарахаар арилна. Хавар болно, зун болно, намар болно, өвөл болох нь бүр ч тодорхой гэх мэтчилэн сайдын амнаас гарамгүй үгсийг гамгүй л асгасан.
Чойжоо энэ намар ч олны бухимдлыг овоохон л өдөөх шиг боллоо. Хагас кокс нүүрсийг урд хөршөөс өндөр үнээр худалдан авч, ард түмэн дээрээ туршина гээд буруудав.
Хүчтэйхэн эсэргүүцэлтэй тулж, хувиа башийлгах гэсэн бурангуй үйл мэтгэв үү хэмээн олонд сэрдэгдэв. Үгүйсгэмгүй, үндэслэлтэй л өнцөг. Сүүлдээ Чойжоо ч хулмайж байх шиг байна. Нийгмийн турхирлаас сүрдэж, бүтэхгүй санаагаа хуйнд нь хийх шиг боллоо.
Уг нь мань Чойжоо ийн шальдар булдар санаа мэтгэж, буруудаж явахаар шальтайхан, даацтайхан сэтгэж, идэвхийлмээр байгаа юм.
Өнөө цагт дэлхий нийтээрээ газрын ховор элемент, ураны төлөө “тэмцэж” байна.
Ураныг боловсруулж, ураны нөөцтэй орнууд түүнийгээ ЧУЛУУ БОЛГОЖ, хөгжлөөр урагшлахаар зогсолтгүй мэрийж байна. Манайд ч тийм боломж бий, нөөц бий.
Гагцхүү тэр боломжийг ашиглах гаргалгаагаа л зөв зураглах нь чухал байна.
Бид эрчим хүчний хувьд хойд хөршөөс мөнхийн хараат байж ирсэн. Байнга ийм байж болохгүй. Тиймээс эрчим хүчээ дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Тэгэхийн тулд ураныг ашиглах нь зүй.
Ураныг боловсруулж, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүдийг олноор байгуулах, тэр чигийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад Чойжоо анхаарах ёстой. Коксжуулсан түлш гэж тархиа гашилгахын оронд ураны нөөцөө зөв ашиглаж, эрчим хүчний салбараа өөд нь татаж, бусдаас ӨРХ ТУСГААРЛАХЫН үйлд шамдах хэрэгтэй. Тэр нь л ононо.
Чойжоо төрийн хэрэгт олон жил зүтгэлээ. Гэвч тоймтой гавьяа байгуулсан нь ховор. Фактласан, фактын эзэн болсон нь л их. Тиймээс ядаж ганц удаа ч болов гялайж, эрчим хүчний салбараа өөд татах эрэмгий бодлого мэтгээсэй. Эрэмгий ажиллаасай. Коксоо мартаж, уранд төвлөрөөсэй.
ДААЦТАЙ СЭТГЭЭСЭЙ...
Д.Сүрэн
Sanuulga.mn