Залуус аа, өвлийн хотын унаа СКҮҮТЕР БИШ
Нийслэл цагаан хивнэгээ нөмөрлөө. Өвөл айлчлан ирснээ зарлаж, хүйтний эрч чангарахыг дохиолов. Цастай өглөө хөөр баяр өдөөх нь сайхан ч басхүү хөнгөн уйтгар төрүүлнэ.
Шинэдийн тунгалаг агаар уушги. цээж нэвтлэн сэнгэнэх нь тун чиг таатай. Тэр сайхныг амтлахын сацуугаар хотын гудмаар элдвийг сонжин, зугуухан ажлын зүг гэлдрэхнээ нэгэн таагүй үйл явдлыг нүдээр үзэн, халаглах сэтгэл төрөв. 10 жилийн сурагч бололтой, скүүтер унасан хүү тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн, газар ойчсон харагдав. Азаар сүртэй гэмтээгүй бололтой. Заяа нь л түшээ юу гэлтэй.
Энэ зураглалаас үүдээд эргэцүүлэхнээ одоо холбогдох байгууллагууд нь нийслэлчүүдийн скүүтерийн хэрэглээнд хяналт тавих цаг нь эрхгүй болжээ. Эсвэл бид өөрсдөө. Нэн ялангуяа халтиргаа, гулгаа ихтэй хүйтний улирал ирчихсэн байхад. Урины цагт бол ч яахав, учиртай.
Залуусын скүүтерийн хэрэглээ өндөр байна. Энд тэндгүй л скүүтер унан, хөлхөлдөх. Машин замаар ч эмээлгүй зорчиж, бүр хоёр гурваараа СУНДАЛДСАН үзэгдэх. Скүүтер бол тоглоом биш. Аминд халтай байж мэдэх эрсдэлт унаа. Ялангуяа өвлийн цагт бүр гэмтэй. Тиймээс цагийн араншин илаарь болтол залуус скүүтерийн хэрэглээгээ танах нь зүйтэй.
Өнөө өглөө хүртэл гулгаанаас эмээлгүйгээр УНААГАА УНАСАН залуус олон л харагдана билээ. Осол эндэгдэл гаарах вий. Хүний амь эрсдэх нөхцөл үүсэх вий, үгүйсгэмгүй. Тийн айдас байна. Тиймээс хэрсүү байж, өөрийнхөө төлөө залуус минь эрсдлээс ангид байх нь зөв. Ангид байхыг ч бусдадаа уриалан, үлгэрлэх нь чухаг...
Д.Сүрэн
Sanuulga.mn