Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрчдийг биеийн хэлэмж,  нүдний харц үнэн бас худал байгааг иргэд нэгэнт таньдаг болжээ

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрчдийг  биеийн хэлэмж,  нүдний харц үнэн бас худал байгааг иргэд нэгэнт таньдаг болжээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Тэрбээр "Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн хөгжлийн суурь шинэчлэлд анхаарлаа хандууллаа.

Монголын ард түмэн улс төрчдийн хэн нь юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн “жүжиж” байгааг, хэнийх нь биеийн хэлэмж,  нүдний харц үнэн бас худал байгааг нэгэнт таньдаг болжээ.

Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ.

Ард иргэд 30 жилийн өмнө нийгэм солигдож, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохын төлөө хичээсэн ч эргээд харахад хэдхэн хүн баяжсан, хууль тэгш үйлчилдэггүй, шударга бус, авлигажсан, үүрэг хариуцлагагүй, салан задгай нийгэм бүрэлдэн бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна.

Мргэд өнөө маргаашийн асуудлаас илүү улс орны ирээдүйн тухай, шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх тухай, хүн хүрт хууль тэгш үйлчлэх тухай, өнгөрсөн алдааг засаж залруулж буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох тухай илүүтэй ярьж байна.

Монгол Улсын 30 жилийг авлигачид өөрсдөдөө ашигтай, ард иргэдэд ашиггүй байдлаар өнгөрүүллээ. Авлигатай үе шаттай тэмцэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг өдөр өдрөөр сайжирч байна.

2021 оны төсвийн жил цар тахлыг даван туулахад илүүтэй чиглэгдсэн билээ. Тухайн үед эдийн засгийн өсөлт -4.7 хувь болон агшиж, улсын төсөв 20 гаруй хувиар тасарч, 1992 оноос хойш тулгарсан эдийн засгийн хүндхэн сорилттой та бид хамтдаа тулсан.

2022 оны төсвийн жилд Монгол Улс цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас хойш яг 10 хоногийн дараа ОХУ-Украйны дайн эхэлсэн нь манай улсын хувьд цар тахал, дайн зэрэгцсэн хүндхэн сорилтыг авчирсан.

Эдийн засгийг тогтворжуулах “Шинэ сэргэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж, боомтын хүчин чадлыг өргөтгөж, бүхнийг экспортод гэсэн уриатайгаар ажиллаж, төсвийн хэмнэлтийн хуулийг эрчимжүүлж ажилласны үр дүнд эдийн засаг 4.8 хувиар өсөж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орж, шинэ 4 төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажил эхлэсэн.

2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн.

2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар эерэг гарлаа.

Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр байсан гэж үзэж болно. Төсвийн жил бүхэнд Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байна.

Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдан та бүхэнд танилцуулагдаж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.

УИХ-н гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)