Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Анализ: Хотын даргын “унах” томоос том шалтгаан юу байв?

Анализ:  Хотын даргын “унах” томоос том шалтгаан юу байв?

Хотын дарга асан Д.Сумъяабазарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн шалтгааныг хэн бүхэн мэдээжийн хэрэг “ногоон автобус”-ны худалдан авалттай холбон тайлбарлах биз.

Гэвч  өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Хот эзэнтэй, эзэн нь эртэй” байсан бол хувийн хэвшлийнхэн ч тэр, нийслэлийн газар агентлагийн дарга нарч тэр Хотын даргын хамар дороос “хулгай” хийж зүрхлэхгүй, тийм боломж ч тэдэнд гарахгүй байх байсан. Хотын дарга ч өөрөө “ногоон автобуснууд” ийм  гэдгийг огт мэдээгүй гэж хэлсэн.

Үнэндээ өнгөрсөн гурван жилд хот “эзэнгүй” мэт байв. Хотын дарга  Д.Сумъяабазар үе үе гарч ирж, хотын шуурхай хуралдаанд үүрэг даалгавар өгч, үеэр усны хамшгийн үеэр лайв хийн явж, элдэв арга хэмжээнд үг хэлж оролцож байсныг эс тооцвол тэр шүү дээ.

Тэгвэл энэ бүхэнд хэн буруутай бэ? Хатуу боловч үнэнийг хэлье.

Юуны өмнө Хотын дарга асан Д.Сумъяабазар гэдэг хүн өөрөө өөртөө нэг дүгнэлт хийх цаг болсон биз. Тэрбээр бусдын зөвлөгөө зөвлөмжийг ойшоодоггүй, хотын бодлоготой холбоотой мэдээ мэдээллийг уншиж судлан нарийн нягт судалдаггүй, асуудалд сэтгэлд хөөрлөөр, бусдын үгээр ханддаг байсан юм биш биз гэсэн бодол төрж байна.

Нөгөө талаас  Хотын даргын унах  бас нэг гол шалтгаан юу байв. Магадгүй энэ асуултанд Хотын хэвлэлийн алба буруутай гэж хариулж болох. Тэд ажлаа хийж чадсангүй. Гэхдээ энд хотын өдөр тутмын мэдээг оруулдаг сэтгүүлч, хэвлэлийн ажилтныг буруутгаагүй бөгөөд Хотын даргын дэргэд ойр байж, мэдээ мэдээллээр хангаж,  хотод үүсэж байгаа асуудлууд болон нийгмийн орчин, хандлагыг мэдэрч, Хотын даргад зөвлөн, түүнийг чиглүүлэн ажиллах ёстой Хэвлэлийн даргыг хэлж байгаа юм.

Хэрэв хэвлэлийн дарга нь Хотын даргаа “вакумжуулаагүй” байсан бол, хотын хэвлэлийн зардлыг зөвхөн Хотын даргыг сошиал, хэвлэлд “муулуулахгүй” байх чиглэлд, хэдэн найз хүүхнүүдээр дамжуулан зарцуулаагүй байсан бол, хувийн болон албан харилцаагаа зааглаж чадсан бол, Хотруу чиглэсэн санал шүүмжлэлд ажил хэрэгч байдлаар хандан тусган авч засаж сайжруулж ажилласан бол, Хотын даргыг бодит зөв мэдээллээр хангаж, чиглүүлж, газар дээр нь очиж ажиллуулдаг байсан бол, агентлагийн дарга нарын худал зусар, бялдууч занг үл ойшоон, тэднийг ажлыг чанарын үзүүлэлттэй уяж чадсан бол, авлига албан тушаалын хэрэг, хэл аманд өртсөн нийслэлийн холбогдох албаны дарга албан тушаалтныг хаацайж хамгаалахын оронд олон нийтэд мэдээлж байсан бол, Хотын дарга руу хандсан бодитой шүүмжлэлийг анзаарахын оронд өөрийг нь улс төрчид, бусад албан тушаалтан, сөрөг хүчнээс зохион байгуулалттай гүтгэж байна гэдэгт “итгүүлж”, ийм тайлбарыг удаа дараа өгүүлж, асуудалд ингэж хандуулж байгаагүй бол, ТОВЧХОНДОО Хотын дарга нь нийслэлийн Засаг дарга шиг ЗАНГАРАГТАЙ, БОДЛОГОТОЙ ажилласан бол, Хэвлэлийн дарга нь  хэвлэлийн хүн шиг  НИЙТЭЧ, НЭЭЛТТЭЙ байсан бол хэн ч тэднийг басамжлахгүй, хэн ч тэдний суган дороос “хулгай хийж, авлига авахгүй”, эцэст нь Хотын дарга нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахгүй байсан биз.

Тиймээс Д.Сумъяабазар дарга та албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргах болсон шалтгаанаа бусдаас эрэхийн оронд өөртөө болон хэвлэлийн даргадаа нэг дүгнэлт хийж, буруутанг дотроосоо, дэргэдээсээ эрж хайвал магадгүй таны хожмын үйл хэрэгт тань тустай, ирээдүйн улс төрд тань нэмэртэй хэрэг болно байх.

А.Тамир

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)