Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Гэр хороолол дунд явах бага оврын 50 автобус асуудал дагуулсан гэв үү?



Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа илэрхийлсэн хэвлэлийн хурал дээр “Ногоон автобус асуудал дагуулсан нь үнэн, гэхдээ бүх зүйл муудчихсан гэсэн үг биш, гэр хороололд явах бага оврын 50 автобус ороод ирчихсэн, гааль дээр байж байгаа..., ...Улаанбаатарт бага оврын 50 гаруй автобус нь хэрэгтэй байгаа, тэр нь шийдэгдчихсэн, бүрэн бүтэлгүйтээгүй ажлууд бас байна” гэж хэлсэн.  

Тэр ингэж хэлээд Түгжрэлийн сайдын ажлаа өгсөн.Өмнөх ажлаа хариуцлагатай сайн хийж чадаагүй атал түүнийг МАН-ын УЗ-өөс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар томилж байх юм.

Үнэндээ Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарын хэлсэн шиг автобусны худалдан авалтын тухайд болсон, бүтсэн зүйл хэр байдаг юм бол. Ж.Сүхбаатар сайд ажил хариуцан  ажиллаж, эрх мэдэл, албан тушаалтайгаа байх үедээ хэрэгжүүлсэн, магадгүй будлиулсан байж болзошгүй асуудлуудад тайлбар өгч, хариуцлага хүлээх ёстой.

Түүний хэлсэн бүтэлгүйтээгүй, шийдэгдчихсэн гээд байгаа бага оврын 50 автобуснууд ч үнэн хэрэгтэй асуудал дагуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар Түгжрэлийн сайдын багц хөрөнгөөр, нийслэлийн гэр хороололд богино рейсэнд явуулахаар төлөвлөн 50 бага оврын автобус авсан. Стандартын дагуу эдгээр автобус тус бүр 24 зорчигчийн суудалтай техникийн нөхцөлтэй байх ёстой атал 19 зорчигчийн суудалтай автобусанд авч, зориулалтын бус байдлаар 5 суудал нэмчихсэн, ингэхдээ тус том ногоон автобуснуудыг нийлүүлсэн өнөөх л “Тэнүүн огоо” ХХК тендерт нь шалгарч, хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн  байж болзошгүй аж.

Үүний улмаас эдгээр бага оврын 50 автобуст гаалийн байгууллагаас акт тавьсан гэнэ. 

Тэгэхлээр эл бага оврын автобусууд ч гэсэн үйлдвэрээс гарсан техникийн нөхцөлийг өөрчилсөн нь магадгүй бөгөөд асуудал дагуулсан том оврын ногоон автобус шиг хуучин автобусыг капиталдсан, техникийн нөхцөлийг нь өөрчилсөн, худалдан авалтын тухай  хууль зөрчсөн байх магадлалтай аж.

М.Баатар 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)