“Стандартгүй” Монгол
Стандарт, хэмжил зүйн газрын түүхт 100 жилийн ойн болж, салбарын байгууллагууд түүхэн ойгоо Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа юм байна.
Мэдээжийн хэрэг эл байгууллагын 100 жилийн түүхийн үйл ажиллагааг үгүйсгэхгүй ч өдгөө манай улсад стандарт хэр зэрэг хэрэгжиж байгаа вэ гэдэг асуудал анхаарал татна.
Хэрэгжиж байгаа чанар стандарт бол улс орны хөгжлийн үндэс мөн гэдгийг тус байгууллагын 100 жилийн ойн түүхэн баримтат нэвтрүүлэгт ч хэлж байна, албаны хүмүүс онцолон хэлж байна.
Иргэд бид үүнтэй санал нийлнэ. Гэвч бодит байдал байдал дээр стандарт хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг асуудал анхаарал татна.
100 жилийн түүхтэй энэ байгууллагын ажил өдгөө ямар хэмжээнд хэрэгжиж байгаа вэ гэдгийг бид эргэн тойрныхоо орчин нөхцөлөөс эхлээд хялбархан харчихаж болно.
Хэрэв манай улсад стандарт яг таг хэрэгждэг байсан бол хүүхэд багачууд нэг ангид 50-60-аараа багширалдан нэг ширээнд гуравуулаа суухгүй, хөл бөмбөгийн талбай дээр хүүхэд төмөрт даруулж амь насаа алдахгүй, бороо ороход иргэдийн орон сууц үерт автаж эд хөрөнгөөрөө хохирохгүй, иргэд үерийн усанд үйж, цахилгаанд цохиулж амь насаа алдахгүй, шинээр ашиглалтанд ороод удаагүй авто замд байнга засвар хийх шаардлага гарахгүй, эрүүл мэндийн салбарт хүнд суртал, авлига үүсэхгүй нөхцөл хэдийнэ бүрдэж, ядахдаа стандарт хэмжил зүйн газар нь төрийн албаны стандартын дагуу түр орлон гүйцэтгэгчтэй биш жинхэлсэн даргатайгаар 100 жилийн ойгоо угтах байсан бизээ.
Гадаад улс орнуудаар зорчих бүр бид авто замын, зочид буудлын, эмнэлгийн үйлчилгээний стандартыг хардаг, мэдэрдэг. Тэнд стандарт нь хууль мэт хэрэгжиж, тэр хэрээрээ чанар дагуулж, иргэдийн аятай тухтай байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Харин манайд..., 100 жилийн түүхтэй стандартын байгууллага өдгөө улсын хэмжээнд 6000 гаруй стандарт байдаг гэдэг ч түүнээс яг хэд нь бодитой хэрэгждэг, хэд нь нэр төдий дурьдагддаг, хэдийг нь өөрчлөх ёстой вэ?
100 жилийн түүүхэн ойгоо угтаж байгаа энэ байгууллага ядаж улсын хэмжээний стандартаа орчин үеийн дэлхийн жишигт нийцлүүлэн шинэчилчихээд 100 жилийн ойгоо угтсан бол гэж бодогдох.
Өнгөрсөн 100 жилийн түүхэнд стандарт гэдэг үгийг “байх ёстой хууль ёс, хэрэгжүүлэх ёстой дэг журам” ойлгоогүй Монголчууд бид хэзээ “стандарт”-ыг амьдралын чанар, улс орны хөгжлийн үүд гэж нийтээрээ ойлгож, дагаж мөрдөж, аюул эрсдэлээс хол амьдрах нөхцөл гэж хэрэгжүүлж эхлэх вэ?
А.Галт
Sanuulga.mn