ЗГ: Амьдралын чанарыг дээшүүлэхэд дэмтэй тустай хөрөнгө оруулалтыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга), Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэх мэт 20 гаруй асуудал хэлэлцсэн байна. Хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын өнөөдрийг хүртэл хугацаанд 10 аймагт ажиллаад байна. Энэ сардаа үлдсэн аймгуудад ажиллаж дуусна. Энэ онд 16 аймагт ажиллах зорилт тавьсан. 2024 оны аравдугаар сарын 1-ээс өмнө ирэх оны төсвийг Их хуралд өргөн барих хуулийн хугацаатай. Үүнээс өмнө орон нутгийн иргэдтэй уулзаж тухайн орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын саналыг авна. Өмнө нь Их хурлын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагуудын санал дээр тулгуурлан төсвийн хөрөнгө оруулалтыг суулгадаг байсан. Харин энэ удаад иргэдийн хүсэн хүлээж байгаа, амьдралын чанарыг дээшүүлэхэд дэмтэй тустай хөрөнгө оруулалтыг ард иргэдээр эрэмбэлүүлнэ.
Бидний ажилласан 10 аймгийн тухайд дэд бүтэц чиглэлд асуудлыг тавьж байна. Аймаг орон нутгийг холбосон авто замыг барих саналыг иргэд хэлж байна. Мөн аймаг орон нутаг бүхэнд дулаан хангамж, дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Тиймээс ирэх оны төсөвт тусгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Мөн цахилгаан хангамж, зарим аймагт сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байна.
Б.Жавхлан: Олон жил дамнасан ч дуусаагүй 736 барилга байна
Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн хоёр 7 хоногт Ерөнхий сайдаар ахлуулсан баг орон нутагт ажиллаж, орон нутгууд дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, төсвийн бодлогын хэрэгжилт ямар байгаатай танилцсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд олон жил үргэлжилж байгаа ч ажил нь дуусаагүй барилгын ажлуудын талаарх судалгаа, цааш авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 736 барилга олон жил дамнасан ч дуусаагүй байна. Үүнээс 25 төсөл хөтөлбөр нь 8-аас дээш жил үргэлжилсэн, төсөв нь нэмэгдэж байна. Тиймээс эдгээр төслүүдийг яаралтай дуусгах үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгууллаа.
Олон жил болж байгаа барилга байгууламжийн 60-70 хувь нь захиалагч буюу төрөөс болж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс цаашдаа зөвхөн зураг төсөл нь бэлэн, бэлтгэл нь бүрэн хангагдсан төслүүдийг төсөвт тусгана. Мөн гүйцэтгэгч талаас ч асуудал бий. Гүйцэтгэгч талаас төсвийн сахилга батыг сайжруулах. Нэгэнт гэрээлээд авсан бол ямар нэг эрсдэлгүйгээр төслийг амжилттай заасан хугацаандаа дуусгадаг байх шаардлагыг өндөржүүлэх. Мөн энэ хугацаанд төрөөс үзүүлж болох дэмжлэг хөнгөлөлтүүдийг хүнд сурталгүйгээр үзүүлж байх чиг үүрэг өглөө.
Төсөл хөтөлбөр дээр ажлаа цаг хугацаандаа гүйцэтгээгүй, хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулдаг. 46 компани тендерт оролцох эрхээ хасуулж, хар жагсаалтад оруулсан байгаа. Мөн захиалагч талаас ирсэн саналаар 107 аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй хар жагсаалтад оруулахаар болж, хяналт шалгалт хийж байна. Хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэрийг ирэх сарын сүүлээр гаргана. Түүний дараа Засгийн газарт танилцуулж, ил тод зарлах болно.
Эх сурвалж: Itoim.mn