Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Л.Оюун-Эрдэнийн занаад байгаа ч зангаад нэрлэж зүрхлэхгүй байгаа тэр хүн хэн бэ?

Л.Оюун-Эрдэнийн занаад байгаа ч зангаад нэрлэж зүрхлэхгүй байгаа тэр хүн хэн бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгаар тойрч байна. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд эхэлсэн энэ “томилолт”-оороо баруун хийгээд говийн аймгуудаар тойрчихсон. Өнгөрсөн долоо хоногт Дархан, Сэлэнгэ гээд Завхан чиглээд явж байх шиг байна.

Ерөнхийдөө уулзалтууд нь 7-8 цаг үргэлжилж, 60-70 асуултад хариулж яваа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын уулзалт нэлээд халуувтар, ширүүвтэр болж буй мэдээллүүд түгэх болсон. Энэ үнэн бололтой. Дарханд очоод ярьснаас нь ингэж харагдлаа.

Авлигатай хийж байгаа ажлынхаа талаар тайлбарлаж яваа дуулдаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Дарханд очоод ихээхэн дэлгэрэнгүй ярьжээ. Ингэхдээ Дубайн гэрээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн 49 хувь, шүүхийн асуудлаар ярьсан нь анхаарал татаж байна. Тэрбээр “Яагаад бид Эрдэнэтийн 49 хувийг авч, Хөгжлийн банкийг дэлбэлсэн бэ. Яагаад бид Дубайн гэрээг цуцалж, Хөтөлийг хурааж авах болсон бэ. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессыг цуцлав. Яагаад гэвэл манайд болж байгаа бүх асуудлын 93 хувь нь уул уурхайтай холбоотой байгаа. Уул уурхайн эзэд бол банкны эзэд. Тийм учраас манай нийт хөрөнгийг уул уурхайн хэдхэн компани барьдаг. Энэ хүмүүс зарим тохиолдолд хоёр намыг хоёуланг нь худалдаад авчихдаг. Энэ хүмүүс заримдаа шүүхийг тэр чигээр нь томилчих тохиолдол байна. Эдгээр хүн заримдаа шүүхийг томилчих явдал байна. 1.5 жилээр Засгийн газар солигдоод байснаас аль ч намын үед хүмүүс нь солигдоогүй. Аль нам засагласан энэ хүмүүс л ард байна. Үүнийг МАНАН тогтолцоо гээд байгаа юм. Төрөөс дээгүүр төр байсан. Төрийн мөнгөөр хувь хүн авав гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Монгол Улсад шударга ёс гэж байдаг бол шүүхийн төрх эхнээсээ ил болж байна. Томилсон шүүгчид нь том болчихсон. Удахгүй авлигачид их орилно. Зарим нь гараад зугтчихсан. Удахгүй тэдний олно. Авч ирнэ. Эндээс санхүүжүүлж байгаа хүмүүсийг таслан зогсооно. Цаг хугацаа тэдний эсрэг зогсож байгаа. Ард түмэн, Засгийн газар мөнгөний массыг өрөвдөж, ухарч болохгүй. Та хэдэд захиж хэлэх ганцхан юм байна. Гараад явчихсан хүмүүсээ авчраад надтай уулзуул. Та нар шиг төлөөний хүмүүстэй би уулзахгүй. Энэ схем дээр Засгийн газрын шийдвэр бүхнийг хянадаг Захиргааны танхимын тэргүүн шүүгч байдаг. Асуудал ингэж л явдаг. Тийм учраас бид шүүхтэй асуудал болоод байгаа юм. Үндсэн хуульд “Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан. Гэхдээ хоёр дахь өгүүлбэрт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан байдаг. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдахгүй байгаа учраас өнөөдөр бид парламент дээр шүүхтэй холбоотой асуудлыг ярихаас өөр аргагүй. Яагаад энгийн иргэд найман ишигний хэргээр шийтгэгдэж байхад нэг хүний хэргийг шүүх долоон жил гацаах ёстой юм. Яагаад ард түмний хүүхдэд арслан бар мэт загнадаг хэрнээ авлигачдын хэргийг яагаад бүтэн таван жил гацааж байгаа юм. Тийм учраас шударга шүүхтэй байхыг шаардах эрхтэй гэж бодож байна. Би өмнө нь хэлж байсан. Хэрвээ ордон дотор хүч мөхөствөл би Төв талбай дээр суулт хийнэ” гэжээ.

Яг үнэндээ энд яриад байгаа Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойгоо аль хэдийнэ төрд аваад ашиг шимээ хүртээд эхэлсэн. Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр асуудлаар хийдгээ хийчихсэн. Гэтэл яагаад сая босгож ирээд ярьчихав аа. Энэ цаанаа учиртай. Түүний хувьд өнөөдрийн нүүрсний хулгай, түүний эргэн тойрон дахь үйл явдлууд л гол анхаарлыг нь татаж байгаа нь тодорхой. Олон үйл баримтаас тэгж харагдаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл нүүрсний сонсгол, нүүрсний хэргийг шүүх хурлыг явуулах нь түүний зорилго гэсэн үг. Тэгэхээр нөгөө муу Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэдэг өөхөнд өөр зүү боогоод шидэж байна л даа. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг өөрийг нь ХЭҮК-т өгсөн талаар л гэхэд “Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна” гэж эхлээд хэлсэн. Тэгээд араас нь “Зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ хүндэлдэг байсан байсан юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг хулгайлдаг. Замыг чанаргүй болгодог. Төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тиймээс олон асуудлыг Засгийн газар ил болгож байгаа” гэсэн. Бас Эрдэнэтийн овоолгын талаар “Зарим хүн овоолгыг хаягдал гээд өөрийнхөө Тамгын газрын даргадаа өгчихсөн тохиолдлууд байгаа юм” гэчихээд араас нь “Би “Ачит-Ихт”-ийг ярьж байна” гэжээ. “Ачит Ихт” бол дээр хэлсэнчлэн нуруугаа авахуулсан морь шиг л болсон сэдэв шүү дээ. Ингэж хэлэхдээ “Ийм тохиолдлууд” хэмээн тодруулжээ. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ өөр хэн нэгэн, тодруулах юм бол өнөөгийн “зарим хүн”, мөн Тамгын даргыг хэлэх гээд амнаас нь гараагүй бололтой юм. Тэгж уншигдаад байна. Яагаад гэхээр “Зэс эрдэнийн хувь” компанийн эзэмшилд ийм албан тушаалтай хүний ах нь ч бил үү, дүү нь нэмэгдсэн байдаг. Энэ агуулгаар нь хөөвөл Л.Оюун-Эрдэнийн занаад байгаа ч зангаад нэрлэж зүрхлэхгүй байгаа тэр хүн хэн болохыг олж тогтооход ядах юмгүй мэт… Магадгүй, улс төрийн аадрын өмнөх ажин түжин шиг атлаа хөшигний ардах түжигнээн, түншилцээний нэг эзний нэр энд явж байхыг үгүйсгэхээргүй байна.

Ө.Бааст

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)