Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн гацааг арилгав

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн гацааг арилгав

-Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун: Манай яамнаас өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд хоёр асуудал хэлэлцүүллээ. Нэгд, 2023 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулсан. Хоёрт, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Энэ жилийн ургацын урьдчилан баланс харьцангуй сайн гарлаа. Нийт 500 гаруй мянган үр тариа хураан авах тооцоо гарснаас стратегийн хүнс болох улаанбуудай 480 мянган тонныг хураан авах баланс гарсан. Улаанбуудайг 330 мянган га-д тарьж, 14 мянган га нь мөндөрт цохиулж, 316 мянган га-гаас 15 цент ургац хураан авна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 3.9 центээр илүү байгаа бөгөөд сүүлийн арван жил тохиогоогүй арвин ургац хураан авна.

Гаднаас будаа авахгүйгээр гурилынхаа хэрэгцээг бүрэн хангаж, цаашлаад илүү гарах нөөц бүрдүүлэх боломжтой. Төмсний хэрэгцээг мөн 100 хувь дотоодоосоо хангана. Хүнсний ногоог 14 мянган га-д тариад 165 мянган тонныг хурааж авах баланс гарсан. Хүнсний ногооны хангамж 82 хувийг дотоодоосоо хангана гэсэн үг. Энэ нь 1990 оноос хойш 82 хувь давсан хангамжтай байгаагүй. Ирэх жилээс Монгол Улс хүнсний ногооны хэрэгцээгээ 90-100 хангах боломж бүрдэнэ.

Мөн 65 мянган тосны ургамал хурааж авна. Энэ намрын ургац хураалтад 12 мянган оюутан залуус оролцох төлөвтэй байна.

Стратегийн хүнсэнд гурил, улаанбуудай, сүү, ус зэрэг бүтээгдэхүүнийг багтаадаг. Эдгээр стратегийн бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлэх, заримыг нь дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдсэн. Нийслэл болон аймгийн шат шатны даргад хүнсний хангаж, чанаргүй аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг өгсөн.

Өнгөрсөн жил дотоодын улаанбуудайг борлуулж дуусаагүй байхад гаднаас улаанбуудайг оруулах хориглож байсан. Энэ зарчим энэ жил мөн мөрдөгдөнө. Энэ жил ургацын балансыг харахад дотоодын хэрэгцээгээ хангаад цаана илүү гарах нөөцтэй харагдаж байгаа учраас үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж харж байна гэлээ.

Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 18 байраар урагшилжээ

-ЦХХХ-ны сайд Ч.Учрал: Миний бие Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Цахим Таллин Чуулган 2023”-д, 06-07-ны өдрүүдэд 8 дахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцоод ирлээ.

НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага  Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ.

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөллийн хамт Эстони улсад айлчилж, Эстонийн “И-Засаглалын академи”-иас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр үндэсний цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ.  Тус хамтын ажиллагааны хүрээнд “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн систем бий болсоноор зогсохгүй цахим хөгжлийг дэмжих багц 4 хуулийг батлагдаж, “Хур” болон “Дан” системийн шинэчлэл хийгдэж, НҮБ-аас гаргадаг цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй  5Ш ажиллагааны “Шил” ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-аар заавал нээлттэй байхаар заасан 68 төрлийн мэдээллээс 750,000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж, мэдээллийн ил тод байдал, “шилэн төр” болох ажил эрчимтэй өрнөж байна.

Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоов. Тухайлбал Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчлэн дараагийн шатанд гаргаж зорилгоор  Зөвшөөрлийн цахимжилт,”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч”  хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Засаглалын нээлттэй, ил тод байдлын хүчин чармайлт олон улсад үнэлэгдсэн нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг нэмэгдүүлэх бөгөөд авлигын төсөөллийн индексийг бууруулахад том түлхэц болох юм гэлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн гацааг арилгав

-Сангийн сайд Б.Жавхлан: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад гацаад байсан асуудлыг шийдлээ. Засгийн газраас тодорхой тогтоол гарлаа. 2016 онд АСЕМ-ын үед Газрын тос боловсруулах үйлдвэрийг 1 тэрбум ам.долларын Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр хэрэгжүүлэхээр зарласан байдаг. Дараа нь УИХ 2019 оны арванхоёрдугаар бүтээн байгуулалтад 1.36 сая ам.долларын зээл авахаар соёрхон баталсан. Хэлэлцээрийг баталсан ч ковидын нөхцөл байдлаас болж бүтээн байгуулалтын ажил нэлээд саатсан, төлөвлөж байсан хурдаар явж чадаагүй. 2023 он нэгдүгээр сард 1.36 сая ам.доллараас дөнгө 112 сая ам.долларыг авч хэрэглэсэн. Гэтэл гэрээгээрээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, аваагүй зээлийнхээ хүүг төлж эхлэх шаардлага үүссэн. 112 сая доллар авч ашигласан хэрнээ нэгдүгээр улиралд 64.5 сая ам.долларын үндсэн төлбөр төлөх болчихсон байсан.  Дараа дараагийн санхүүжилт хийх боломжгүй нөхцөлд орсон. Нийт гэрээний санхүүжилтээр дөрвөн хэсэг бүтээн байгуулалт хийхээр байсан. Багц нэгээс бусад нь хэрэгжих боломжгүй, санхүүжилтгүй зогсонги байдалд ороод байсан. Бид Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэг улсын Экзим банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийлээ. Энэ асуудалд Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд маш сайн хамтарч ажилласан. Манай Засгийн газрын тавьсан санал өөрчлөлтийн дагуу гэрээндээ өөрчлөлт оруулахаар болсон. Ингээд наймдугаар сарын 17-нд талууд гэрээнийхээ өөрчлөлтийг үзэглэсэн. Ингэснээр багцад хамаарах дөрвөн бүтээн байгуулалтыг тус тусад нь салгаж гэрээ хийсэн. Аль нэгнээсээ хамааралтгүйгээр санхүүжилтээ авч, бүтээн байгуулалтаа үргэлжүүлэх боломжтой боллоо. Ингэснээр Газрын тосны үйлдвэр байгуулах бүтээн байгуулалт саадгүй үргэлжлэх боломжтой боллоо. Эхний байгууламжийг 2026 он гэхэд ашиглалтад оруулж, 2027 оноос бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо.

Цар тахал болон эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн үнийн өсөлтөөс үүдсэн зөрүүг ирэх намрын чуулганд танилцуулж, зээлийн нийт дүн, зээлийн хэлэлцээрийг дахин ярилцахаар болсон гэлээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)