Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Чойжоо сайдын “давхар” нүүдэл

Чойжоо сайдын “давхар” нүүдэл

Сар гаруйн өмнө НИТХ-ын чуулган дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийхдээ "Ирэх өвлийн агаарын бохирдлыг давахын тулд 177 тэрбум төгрөгөөр урд хөршөөс коксжуулсан нүүрс /түлш/ оруулж ирж,  гэр хороолоын айл өрхүүдэд туршилтаар түлүүлнэ" хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлсэн.

Хэрэв Чойжоо сайдын ярьсанчлан агаарын бохирдлыг ийм өндөр өртөгөөр бууруулах ёстой юм бол өмнө  нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан тушаал шийдвэрүүд, нийслэл хотын баруун зүүн талд баригдсан сайжруулсан түлшний үйлдвэрээс гаргадаг түлш, түүнийг 4-5 жил иргэдэд хүргэхийн тулд зохион байгуулж  ажиллаж ирсэн төрийн албан хаагчдын  хөдөлмөр зүтгэл талаар байсан гэсэн үг үү гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Гэвч үүнд Чойжоо сайд хариулт өгөөгүй ч логикийн хувьд  ийм л нөхцөлд хүрсэн ойлгомжтой байна.

Мань  сайдын дээрх мэдэгдэл зүгээр ч нэг “манарсан хүний мангар” үг биш, улс төрч хүний "хожоотой нүүдэл" байсан нь өдгөө улам тодорхой болж байна.

Д.Чойжилсүрэн гэдэг хүн  УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдсон,  өдгөө ч УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Хурд группын ерөнхийлөгч гэсэн хувь хувьсгалын ажлыг  амжуулж яваа хүн. Ялангуяа түүний хувийн ажил нь маш бүтэмжтэй урагшилдаг. Хурд групп нь нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүрэгт голдуу орон сууцны томоохон хороолол, хотхон барьдагаараа алдартай.

Тэр “177 тэрбумаар нүүрс худалдан авах” тухай мэдэгдлээ  хийхээс өмнө нөхцөл байдлыг урьдчилан тооцож,  нийгмийн уур амьсгал дургуйцахыг мэдэрч, үүний дараа хийх ч ажлаа ч төлөвлөчихсөн байсан болтой.

Юуны өмнө “177 тэрбумаар урд хөршөөс түлш худалдан авч гэр хороололд түлэх туршилт явуулна” гэхээр иргэд дургүйцнэ, тэгэхлээр нь агаарын бохирдлыг бодитой бууруулах өөр ямар гарц байна гэж нийтээрээ хайна, орон сууцжуулахаас өөр гарц алга гэдэг шийдэл хандлагыг нийгэмд төрүүлнэ, гэр хорооллыг барилгаажулах том мега төслүүдийг хэрэгжүүлэхээр болно, түүнийг нь Чойжоогийн “Хурд” компани гүйцэтгэнэ.

Тэр болтол урд хөршөөс коксжуулсан сайн санарын түлш авч хэсэгчилэн туршилт явуулна. Урд хөрш дэх коксжуулсан үйлдвэрийг  судлуулахаар  төрийн зардлаар сэтгүүлчдийн багийг урагш явуулна, тэднээр өөрийгөө “шүүмжлүүлэхгүй, дэмждэг" болгоно.

Туршилтаар урдаас орж ирэх коксжсон түлшний зардал болох багагүй хэмжээний төлбөрийн асуудалд зохицуулалт ЭХЯ дээр хийгдэнэ...

Эцэст нь аль ч шийдэлд хүрсэн  иргэд биш Чойжоо сайд л “хожно”. Тэр ийм л нүүдэл хийгээд сууж байна.

Дараагийн удаад бид Чойжоо сайдын Увс аймаг, Хан-Уул дүүрэгт хийхээр төлөвлөж буй улс төрийн “давхар” нүүдлийн талаар мэдээлэх болно.

А.Галт 

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)