Францис гэгээнтэн Монголын улс төрчдөд хандан “хатуухан“ үг хэлэв
Дээрхийн гэгээнтэн арвандөрөвдүгээр Далай лам нэгэнтээ, тэртээ ерээд оны эхээр Монголд нэгэнтээ айлчилахдаа “Архиа бага ууж, айргаа тааваар хүртэцгээ” хэмээн айлдсаныг эдүгээ өдрүүдэд манайхан баахан ишилж бичиж байх шиг байна.
Энэ айлдвар бол тухай үед “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн бөгөөд, эл гарчигаараа агаад, тухайн үед уг ярилцлагыг сэтгүүлч, яруу найрагч Цоодолын Хулан авч түмнээ толилуулжээ. Эдүгээ энэ эмэгтэй хоригдож байгаа. Ц.Хулангийн Далай ламаас авсан ярилцлагаар энэхүү гэгээн айлдвар Монгол түмний оюун санаанд он жил өртөөлөн түүчээлж, сануулга, гэмээс ангижирахын сэдүүлгэ болон үргэлжилсээр байна.
Нийгмээс нийгэмд шилжин орсон мөнхүү үймээнт он цагт тийнхүү хэлсэн Далай ламын айлдварын үрээр монголчууд идэж уухын гэмээсээ хагацах нь төгс биш ч, ужид тэрхүү нүглээсээ хагацахаар тэмцсээр байгаа нь ахуй биеийн ууж идэхийг дан хязгаарласнаар бус, улс гэрээ, эх орноо тонон дээрэмдэхийн эсрэг сануулга байснаар эдүгээ гүн ойлгогдох болжээ.
Энэ нь Далай ламын айлдсаныг Ц.Хулан ард түмэндээ дамжуулсанаас хойш гучин жилийн дараа Гэгээн ширээт ламтан Францисын айлдвараар нотолгоожиж байна. Тэрбээр “Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм” гэж маш тодорхой хэллээ.
Үүнийгээ, олон талаар, олон үндэслэлээр эмхэтгэн “Тэнгэр шиг бай” хэмээх Очирбатын Дашбалбарын шүлгээр хураангуйлж томъёолон өгүүлэв. Энэ бол монголчуудад өгч байгаа гүн өндөр сануулга, санаж сэрэхийг, арчаатай, анхитай байхыг өргөн анхааруулсан үг юм. Нэг үгээр хэлбэл, монголчуудыг бүтээсэн түүх, байгуулсан, байсан гүрэн улсынхаа язгуур эрэмбэд тэнц, оч гэж хэллээ.
Дээрхийн гэгээнтэн Далай лам, Гэгээн ширээт Францис ламтан хоёрын гучин жилийн зайтай хэлсэн эдгээр үгс манай орны хоёр яруу найрагчийн бүтээл туурвилаар дамжин, манай оюун санаанд цуурайлан түүчээлж байгаагаараа чухаг юм. Онц тэмдэглэлтэй юм. Үүтгэгч, эхийг баригч, үндсийг томъёологч гэдэг ийм гүн хүндтэй, хэтдээ гүн агуулгатайг бид харж байна.
Францис ламтан “Монгол гэр бол хэн нэгний хувийн орон зайг хүндэтгэн, харилцан зэрэгцэн орших хүний ертөнцийн бүх хэмжигдэхүүн юм. Монгол гэр бол хүн төрөлхтөнд хандан хэлж буй монгол ухаан юм” гэж хэлжээ.
Үүнээс илүү яаж яруу, гүн тод хэлэх билээ. Харилцан зэрэгцэн орших ертөнцийн бүх хэмжигдэхүүн бүхий хүн төрөлхтөнд хандан хэлж буй монгол ухаанаараа монголчууд бид чимэн урагшлах ёстой.
Үүний тээг нь ёс суртахууны уналт, улс төрчдийн шунал, авлига хулгайн дөчин их наядын хулгай мөнөөс мөн. Францис гэгээнтэний үг Монголын улс төрчдөд илүүтэй зориулагдсан.
Эх сурвалж: Amlalt.mn
Авилагч нар хулгайч нар сөнөтугай.Пап та нарын заваан хулгайчыг мэдээд явлаадаа. Одоо дэлхий даяар мэдүүллээдээ. Монголыг шившиглэж өглөө.
Манайд улс төрчид байдаггүй юм шигээ дан тонуулчид, одоо цэвэрлэх цаг болсон шүү
Хөлдүү толгойтой шуналаа дийлэхгүй хулгайчууд ч ойлгохгүй байхоо...нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэж үг яааг үнэн
Тэр илжиг нь улс төрчид биш ээ. Улс төрчид бол ус нь, харин хулгайчийг нь мэдсээр байж дахин дахин сонгоод байгаа охор бодолтой иргэд чинь илжиг байхгүй юу. Илжиг нь олон болохоор бусдыгаа чирээд байна, тийм болохоор илжигнүүдийг цөөлөх хэрэгтэй бөгөөд цорын ганц зам бол боловсрол сэхээрэл юм аа. Олон ухаантай үг ярих болов ч ичихгүй цаана аа хүүхдүүдэд англи хэл заалгахгүй гэцгээж байгаа шившигтэй улс, юу ч гэхэв...