Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Их сургуулиудыг хотын зах руу "нүүлгэх" боломжтой юу?

Их сургуулиудыг хотын зах руу "нүүлгэх" боломжтой юу?

Хотын мээр Д.Сумъяабазар өчигдөр их сургуулиудыг хотын зах руу нүүлгэнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талын төсөл хөтөлбөрийг УИХ-аас сонгогдсон гишүүдэд танилцуулж,  ингэснээр түгжрэлийн асуудлыг тодорхой түвшинд шийднэ гэв.

Улмаар ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг Ханын материал руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү нүүлгэх юм байх. Хотын даргын энэхүү санаачилгатай холбоотой сошиал орчинд томоохон хэлэлцүүлэг шүүмжлэл өрнөж байна.

Үнэхээр их сургуулиудыг ойрын хугацаанд хотын зах руу нүүлгэх боломжтой юу, ингэснээр түгжрэлийг бууруулж чадах уу гэдэг нь л чухам анхаарал татаж байна...

Уг нь их сургуулиудыг нүүлгэх асуудал аль 2017 оноос л яригдсан. Нүүлгэх нүүлгэхдээ бүр орон нутгууд руу шилжүүлнэ хэмээж байв. Жишээлбэл, ХААИС-ыг Дархан руу, ШУТИС-ыг Орхон аймаг руу гэх мэтчилэнгээр нүүлгэх “хар зураг” нь гаргачихаад байсан. Гэвч тэр санаачилга тэгсхийгээд л “замхарсан”. Өнөөдрийг хүртэл огтоосоо дахин сөхөгдсөнгүй.

Сайтар цэгнээд үзвэл их сургуулиудыг хотын зах руу нүүлгэснээс илүү хөдөө орон нутгууд руу шилжүүлсэн нь үр дүнтэй нь тодорхой. Хотын төвийн дүүргүүдийн төвлөрлийг сааруулах нэгээхэн том гарц нь мэдээж их сургуулиудыг нүүлгэх явдал, энэ үнэн.

Гэхдээ хотын даргын ярьж байгаа шиг Их дээд сургуулийг хотын зах руу нүүлгэлээ гээд үр дүнгээ өгөх нь юу л бол. Хотоос бүрмөсөн гаргах нь л зөв. Тэр талын арга, замыг эрэлхийлэх нь ончтой биз.

Тэгээд ч их сургуулиудыг нүүлгэе гээд л нүүлгэчих хэрэг биш. Энэ нь монгол гэрийг зөөж буулгадагаас тэс ондоо гэдгийг эрхбиш Хотын дарга гадарлаж байгаа гэж найдъя.

Юуны өмнө   их сургуулийг нүүлгэх газрыг нь хэрхэн шийдэх, газар шийдэгдлээ гэж бодоход тэнд их сургуулиудын барилга байгууламж, оюутны хотхоныг ямар хөрөнгийн эх үүсвэрээр, хэдэн жилийн хугацаанд барьж байгуулаад ашиглалтанд оруулах. Дэд бүтцийн асуудлуудыг нь яаж шийдэх гээд олон асуудал урган гарч ирнэ.  

Цаашлаад  сургуулиудын хотын төвд үлдсэн барилга байгууламжуудыг хэрхэх, тэднийг буулгаж оронд нь орон сууц барих уу, эсвэл хэвээр нь үлдээж ашиглах уу?

Тэр бүгдийг шийдсэний дараа л хотын даргын санаачилга бодитоор амилах үндэс бүрдэх учиртай. Манай үе үеийн хотын дарга нар “үлгэр” ярихдаа сайн. Метроноос авхуулаад өчнөөн л үлгэр зохиож, өдгөө ч түүндээ ороогдон, шүүмжлүүлсээр буй. Д.Сумъяабазар даргын  дээрх санаачилга ч хоосон мөрөөдөл төдий болон замхрах магадлал өндөр...

Хотын даргын зөвлөх баг энэ асуудалд анхаарч, анхнаас нь ул суурьтай судалж  удаа дараа нягталж байж, хотын даргын шийдвэр болгон танилцуулахгүй бол эргээд олон нийтэд хий хоосон мөрөөдөл, хэзээ ч биелэхгүй амлалт өгчихсөн  мэтээр ойлгогдоход хүрэх вий...

Д,Сүрэн

 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)