Н.Лхагвадорж: Иргэд "Орон нутагт МАН-ын гишүүн биш л бол ажил хийх, бизнес эрхлэх боломжгүй" гэж ярьж байна
Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам Хангайн бүсийн эдийн засгийн форум хийсэн бөгөөд форумд оролцогчдын санал дүгнэлтийг танилцуулсан юм. Форумаас орон нутагт ямархуу байгаа талаар дараах санал, дүгнэлт гарчээ.
-
Төрийн бодлого хөрсөндөө буухгүй байна.
-
Төрд итгэх итгэл унасан.
-
Бизнес эрхлэх орчин бүрдээгүй.
-
Улс төр, үзэл санааны ялгаварлан гадуурхалт хэт их.
-
Эдийн засаг өссөн ч иргэдэд үр өгөөжгүй.
Энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж "Эдийн засгийн форумд оролцсон иргэд, бизнес эрхлэгчид төрөөс маш их дарамталж байгааг санал нэгтэй хэлж байна. Тухайлбал, татварын дарамт байгаа юм. МАН сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж хэлсэн боловч татвар, торгууль, шимтгэлээр иргэдээ мөлжсөөр байна. Мөн төрд итгэх итгэл унасан шалтгаан нь хариуцлагагүй төр гэж дүгнэлээ. Төрөөс хийсэн хулгайн хэргүүд бүгд замхарсан, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа тул төрд итгэх иргэдийн итгэл унажээ. Түүнчлэн бизнес эрхлэх орчин бүрдээгүй, төрийн бодлого бизнес эрхлэхэд чиглэхгүй байгааг онцолсон. Орон нутагт аль намын гишүүн байхаас хамааран ажил эрхлэх, бизнес эрхлэхэд нөлөөлж байна. МАН-ын гишүүн биш л бол ажилд орж чадахгүй, бизнес эрхлэх хэцүү гэдгийг иргэд хэлсэн. МАН-аас эдийн засаг өссөн гэж мэдээлээд байгаа ч иргэдийн амьдралд наалдахгүй байна. Үүнд нөлөөлж буй зүйл нь өр. Нэг хүнд ногдох өр 35 сая болж өслөө. Эдийн засаг өссөн гээд байгаа боловч эдийн засгийн өр санхүүжүүлж байгаа нь улсын ирээдүйд сөрөг нөлөөтэй, цаашлаад тусгаар тогтнолд хамаатай гэж орон нутгийн иргэд дүгнэсэн" гэлээ.
Мөн АН-ын гишүүн З.Нарантуяа "Улсын эдийн засаг нүүрсний экспорт дээр л оршин тогтнож байна. Аливаа улс төрийн нам алсын хараатай, тууштай, тогтвортой бодлогогүй бол сонгуулийн амлалтынхаа хойноос хий хөөсөрч давхиад урт хугацаандаа улсынхаа макро, микро, тэнцвэртэй хөгжлийг орхигдуулдаг юм байна. Төсвийн орлогын 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг. Энэ нь эдийн засаг зөвхөн ажил хийж байгаа хэдэн хүнийхээ татварыг хурааж нөгөө талдаа төрийн нүсэр албыг санхүүжүүлэх чөтгөрийн тойрогт оржээ. Ямар ч хөрөнгө оруулалт харагдахгүй байна. Эдийн засаг буруу загвараар явж байгаа нь хөгжлийн зорилгогүй улс төрийн нам амлалтдаа хөтлөгдөн төсвийг үрэлгэн зарцуулж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульдаа ардчилсан нийгмийг хөгжүүлэхээр заасан. Аль ч нам бай энэ зорилтыг биелүүлэх учиртай. Ард иргэдээс ардчиллын хөгжлөөс сэтгэл хангалуун байна уу гэж асуухад 69.6 хувь нь хангалуун бус гэж хариулсан. Ардчилал, эдийн засгийн хөгжлийн аль нь чухал вэ гэж асуухад 74.6 хувь эдийн засгийн хөгжил, амьдрал ахуй чухал байна гэж хариулсан. Ардчилалд сэтгэл хангалуун бус байгаагийн шалтгаан энэ. Хүмүүс үнэхээр ядарчээ, ажиллах хүчний 56.5 хувь нь л нийгмийн бүтээн байгуулалтыг хийж байна. Иймд 2024 оны сонгуулиар улсаа тогтвортой хөгжүүлэхийн тулд бодлого, стратегитэй байхыг шаардаж байна" гэлээ.
за худлаа яриад байгаарай орон нутагт ажлаа хийж чадаж л байвал аль ч нам хамаагүй шүү.Ажил хүнийг голдог,хүн ажлыг голох ёсгүй