Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Б.Чойжилсүрэн: Шаардлагатай бол уурын зуух барина, эрчим хүчний үнэ нэмнэ

Б.Чойжилсүрэн: Шаардлагатай бол уурын зуух барина, эрчим хүчний үнэ нэмнэ

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор татвараас хөнгөлөх хоёр хуулийн төслийг дэмжлээ.

Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Уг хуулийн төслүүд нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бууруулахад дэмжлэг үзүүлж буй аж ахуй нэгжийг татвараас хөнгөлөх замаар дэмжих зорилготой аж.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асуусан бөгөөд түүний хариултыг тоймлон хүргэж байна.

-Татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 МВт гэж тусгасан. Учир нь, ингэж босго тавихгүй бол айл, өрх болгон утаа үйлдвэрлээд байна. Шаардлагатай бол уурын зуухыг хотын захад шүүлтүүр тавиад барина. Орчин үеийн уурын зуухууд бүрэн шаталттай болсон.

-Одоо станцууд яндан дээрээ шүүлтүүр тавиад ажиллаж байна. Үүнээс өөр арга байхгүй. Өөр эх үүсвэрээс бид эрчим хүчээ авч чадахгүй. Үнэндээ тэр газаар халааж дийлэхгүй, тийм газ ч байхгүй манайд. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй нүүрсээ түлнэ. Харин нүүрсний утааны нэг хэсгийг нь булж, түлшээ сайжруулах болно.

-Шинэ уурын зуух баривал хуучин шигээ утаа баагиад байхгүй. Бүх стандартуудыг нь нэмэгдүүлнэ.

-Манай салбарын хамгийн хүндрэлтэй асуудал нь борлуулалтын үнэ дээрээс тохируулгатай байдаг байдал. Гэтэл зардал нь зах зээлийн үнээр гардаг. Тиймээс эхний ээлжид эрчим хүчээ өртгөөр нь борлуулдаг болно. Алс хэтдээ үнийг зах зээлийн зарчимд нь оруулна.

-Өмнө жил хэлтэй, амтай нэг удаа үнэ нэмсэн. Дахиад нэмэхээс өөр аргагүй. Байнга л нэмж байх ёстой. Томьёонд оруулаад индексжүүлээд нэмээд явж болно. Өмнө нь нэмэх гэтэл цар тахлын дараах үе учир эдийн засаг сэргээгүй гээд нэмээгүй. Тиймээс ААН, иргэдийн орлого тогтворжиж эхэлсний дараа нэмэхгүй бол болохгүй.

-Борлуулалтын үнээ нэмчихвэл ингэж татвараас хөнгөлөх хууль оруулж ирэхгүй. Бид аргагүйн эрхэнд оруулж ирж байгаа юм. Барууныхан нүүрсний эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулахгүй байгаа. БНХАУ талаас Хятадын газар нутаг дээрээс бусад газар дээр нүүрсний эх үүсвэрийн станц баривал санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн. Иймд манай салбар хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тал дээр хүндрэлтэй байгаа тул эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж буй ААН-үүдээ дэмжихийн тулд энэ хуулийг орууллаа.

-Энэхүү татварын хөнгөлөлтийг үзүүлснээр ААН бүр харилцан адилгүй хөнгөлүүлнэ. Тухайлбал, 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгой ДЦС-ын 300 МВт хүчин чадалтай блок барихад 500-600 сая ам.долларын өртөг гарна. Импортоор техник болон бусад зүйл оруулж ирэхэд хөнгөлөх татварын хэмжээ нь 17 орчим сая ам.доллар болно. Харин НӨАТ-ыг нь дөрвөн жилээр хойшлуулна.

Эх сурвалж: IToim.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)