Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Хүүхэд, хүний эрх нэгдүгээрт. Хөөсөн чихэр, хөөрөлдөөн цэнгээн хоёрдугаарт...

Хүүхэд, хүний эрх нэгдүгээрт. Хөөсөн чихэр, хөөрөлдөөн цэнгээн хоёрдугаарт...

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ард нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэлээ. Төв талбайд хөл гишгэх зайгүй шахам хүмүүс цуглаж, бүтэн өдрийн турш баясан, цэнгэв. Бяцхануудынхаа сэтгэлийг л аль болох долгилуун байлгахыг урьтал болгосон эцэг эхчүүд түрийвчнийхээ чинээгээр л “тансаглахыг” эрмэлзэцгээв. Үүнийг буруутгашгүй. Гэхдээ үүнээс нэтийг цэгнэж, ухаарах чадамжтай байгаасай л гэж олныг өгдөөн “хатгамаар”...

Чухамдаа бол аливаа нэг тэмдэглэлт өдрийн агуулгад нь анхаарах бус өнгөн төдийгөөр дүгнэж, зугаа цэнгэлээр хачирлан “хийрхэх” нь Монголчуудын гэм биш зан. Бэлэг, цэцэг, чихэр, шоколад гэж гүйсээр бид хүүхдийн эрхийн тухай ярих, хэлэлцэхээ, шийдэхээ мартдаг. Эмэгтэйчүүдээ, хүүхдүүдээ цаашид хэрхэн хамгаалах вэ, тэдэндээ ижил тэгш боломжийг хэрхэн олгож, эдлүүлэх вэ, хүчирхийлэл, бурангуйг хэрхэн бууруулах вэ хэмээн нийгмээрээ мэтгэж, бодлого шийдвэр боловсруулах бус зугаа цэнгэл, түр зуурын жаргалыг л урьтал болгож, “гэнэддэг”. Тэгж л бид алддаг. Ирээдүйгээ балладаг.

ЦЕГ-аас мэдээлэл хийж байна. Өчигдөр гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн шинжтэй 91 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрүүдийнхийг бодвол харьцангуй бага байна гэлээ. Халаглам, гол харлам.

Эрхийнхээ өдрөөр 5 настай хүүхэд ээжийнхээ хамтаар бусдын “гарын шүүс” болов. Эрхийнхээ өдрийг угтаж 8 настай охин балмад этгээдийн “хүслийн золиос” болов. Энэ мэт аймшигтай хэргүүд нийгэм даяар тасрахаа болив. Ийм байхад бидэнд баярлах эрх байна уу...

Одоо бид арай өөрийг сэтгэж, өөр өнцөгт төвлөрөх цаг эрхгүй болжээ, Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлд хаа хаанаа анхаарал хандуулж, бодлогын түвшинд арга хэмжээ авах зайлшгүй шаардлага ундарч.

Хүүхэд хамгааллын байгууллагуудын үйл ажиллагааг жигдлэн, цэгцэлж, тэр талын чадамжит боловсон хүчнийг олноор бэлтгэх хэрэгтэй. Мөн тэр талбарт зүтгэж байгаа ажилчдын цалин хөлс, хангамжийн асуудлыг ч төр засгаас цогцоор шийдэх нь зохилтой.

Хамгийн чухал нь олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулж, хүчирхийлэл гээчийн сөрөг үр дагаврыг сайтар ухамсарлуулах ёстой. Сайн хөрш, сайн иргэн байхын цэнийг ч мэдрүүлэх хэрэгтэй.

Нэн ялангуяа хөдөө орон нутгаа орхигдуулахгүй байхыг чухалчлах нь зүй. Сумдын удирдлагууд малынхаа тоог яс мэдээд хүүхдүүдийнхээ тоог мэдэхгүй сууж байна.

Мал хариуцсан таван хүнтэй мөртлөө хүүхдийн асуудал хариуцсан ганц ч хүн тэнд алга хэмээн нэгэн иргэн шүүмжит үгс чулуудсан нь сошиалаар яваад л байна билээ. Үнэн, хөдөөд тийм л дүр зураг ноёлж байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Үүн дээр дөрөөлсөн олон давлагаа өрнүүлэх хэрэгтэй.

Тийн энэ мэтийн далайцтай цогц арга хэмжээг дорвитойхон авч байж л бид хүүхдийн эрх гэж хүчтэйхэн хэлэх багахан нүүртэй болно. Тэрнээс биш уул бурангуйг бүрэн үгүй хийх боломж нь туйлын бэрх шүү дээ.

Үүнийг л дээд, доодгүй ухаармаар байгаа юм. Дуугармаар байгаа юм.

Хүүхэд, хүний эрх нэгдүгээрт. Хөөсөн чихэр, хөөрөлдөөн цэнгээн хоёрдугаарт...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)