Намын жагсаалтаар нэр дэвшигчдэд хатуу эрэмбэ тогтоох хэрэгтэй
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтож, сонгуулийн тухай тогтолцоог холимог системээр явуулахаар хуульчилж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлав. Үүний араас Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль ч шинэчлэгдэх нь мэдээж. Ул суурьтайхан цэгнээд үзвэл энэ нь бидэнд эерэг өөрчлөлт авч ирэхийн үндэс бий. Засгийн байр суурь ч тэр чигт байгаа бололтой. Засгийн газрын тэргүүний үг, үйлдлээс л тэгж анзаарагдаад байгаа.
“76 даргаас 126 төлөөлөгч рүү” гэх агуулга бүхий уриа, лоозонгууд цахим орчинд нэлээдгүй үзэгдэх болсон. Угтаа бол гишүүдийн тоог 126 болгож байгаагийн гол утга учир, ач холбогдол нь тийн өөрчлөлтийг “амилуулахад” л оршиж байгаа гэхэд хилс болохгүй. Өнөөгийн 76 төрийн хэргийг чансаатайхан үйлдэхээ больсон.
Үндсэндээ түмний ирээдүйг шийдэх улс орны хэмжээний чухал асуудлыг 20-40 гишүүн сууж байгаад л шийддэг үзэгдэл ноёлсон. Чуулганы хуралдаан бүтэн ирцээр өрнөх нь ховор болов. Түүнчлэн ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай болоод элдэв сангийн асуудалд орооцолдоогүй гишүүн цөөн байна. Авлига, хээл хахууль утгаараа цэцэглэлээ. Төрийн хулгай гаарлаа. Захаас нь дурдахад л ийм.
Энэ бүх бурангуйн гол шалтгаан нь парламентад нэг намын төлөөлөл дийлэнх мөн гишүүдийн тоо цөөнөөс үүдэж хувь гишүүний кнопны эрх мэдэл туйлын өндөр байгаа зэрэгтэй салшгүй холбоотой. Сөрөг хүчин нь чадамжгүй. Тиймээс “сөргөлдөөнгүй” талбарт улстөрчид дураараа дургих нь мэдээж. Бүгдээрээ “найз”. Бултаараа “хулгайч”.
Засгийн газраас энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Улмаар тэр чигийн үйл ажиллагааг идэвхийлэн өрнүүлж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ч энэ тал дээр ахиц гарахад нөлөөлөхүйц үр дүн авч ирж мэдэх тул засгийн байр суурь ямар байгаа нь мэдээж. Дэмжигч талд зогсож байгаа. Үүнийг нь ч буруутгамгүй.
Одоо харин бид нэг л зүйл дээр голлон анхаарах шаардлага байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно гэж байгаа. Эл 48 суудалд л чадамжтайхан, нэр цэвэр нөхдийг “залах” явдал хамгаас чухал бөгөөд энэ чинээгээр тухайн нам иргэд сонгогчдын дэмжлэгийг авна.
Тиймээс намууд жагсаалтаар оруулж ирэх гишүүддээ онцгой шаардлага тавих ёстой болж байгаа юм. Нэр цэвэр, намтар дардан, үйлс гэгээн хүмүүсийг л төрд суулгахаар зэхэх ёстой. Хулгайч, худалч нөхөд огт хэрэггүй. Ийм нөхдийг жагсаагаад оруулаад ирсэн нам өөртөө гомдох хэрэг гарч болзошгүй.
МАН ч гэсэн угтаа бол өнөөгийн парламентын гишүүдээсээ дахин нэр дэвшүүлмээргүй л байгаа юм. Тэр тал дээр ч ард олон хэрсүү байж, хатуу хяналт тавих нь зүй. Тэгж гэмээнэ л Үндсэн хуульдаа гар хүрсэний ашиг тус гарна. Үр дүн нь тод мэдрэгдэнэ.
Д.Сүрэн
Sanuulga.mn