Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Пивоны ширээний ардаас "улсыг төвшитгөгч"...

Пивоны ширээний ардаас "улсыг төвшитгөгч"...

Хүрэлээ сайд тун ёозгүйгээр хэвлэлийнхний дуранд өртөж. Сансар хавиар хятадуудтай баардаж байгаад баригдсан юмдаг уу даа. Камер хараад л жигтэйхэн бантаж. Ордонд олныг рекитлдэг босс зан нь ч хулмайж. Хэлсэн тайлбар нь хийж байсан үйлдэлтэй нь тэс хөндлөн зөрж. Хэнэггүйхэн “бурж” авцалдаагүйхэн “чалчсан” нь түмний эгдүүцлийг өдөөх шиг болов оо.

Нанхиад нөхөдтэйгөө шөнө дөлөөр паридаж байгаад гардуулсан Эдийн засгийн сайдын өчил “инээдэм” байлаа. Монгол төрийн Ерөнхий сайдын нэрийг барьж амин хувийн ажлаа амжуулж явсан юм биш биз гэх хардлага нийгэмд байна. Тэрбээр энд төрийн ажил хэлцэж байна хэмээв. Ерөнхий сайд удахгүй урд хөршид айлчилна, ерөөс тэр хэргийн нарийн ширийнийг шийдэж байна хэмээв. Архи дарс ер хүртээгүй ээ, ах нь уудаггүй гэж өөрийгөө ч өмгөөлөв. Хөгтэй, хөгжөөнтэй.

Мань сайд нэг зүйлийг л ойлгосонгүй. Тиймийн тул өөрийгөө өмгөөлсөн шалтаг нь эргээд эзэн рүүгээ “асав” бололтой. Төрийн ажил бааранд, пивоны ширээний ард  өрнөдөг жаяг хаа ч байхгүй. Ерөөс нэгэн шинэ “урсгал”-ыг л мань сайд “нутагшуулж” байгаа бололтой юм. Халамцуу, гөлөмцүүхэн хар шөнөөр улсын хэргийг шийдэх гэнэ. Хачин даапаантай, хачин ёс зүйгүй. Сайдтаны ажлын бус цагаар зугаацах эрхийг нь үгүйсгэхгүй. Аа гэхдээ “ах нь алжаалаа тайлж байна аа” гэх мэт өөр, бодитой шалтаг олоод хэлж болно оо доо. Бантаад байгаа юм гол нь. Бантаж байна гэдэг чинь учиртай л... 

Хүрэлбаатар сайдын эл үйлд эгдүүцэж, зарим шалтгааныг доторлосон иргэд шүүмжлэлт үгс дайж байна. Нийгэмд багагүй дуулиан өрнөж байна. Увс нутгийнхан бүр илүү ундууцаж байгаа нь илт.

Увс аймгийн ИТХ-ын дарга өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна билээ. Хүрэлбаатар хувийн ажлаа л амжуулж байсан биз. Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийг л зарж идэх гээд байгаа. Тэр санаархлаа л “албажуулсан” хэрэг хэмээн буурал сайдаа учиртайхан үгээр “хатгасан” харагдсан. Үгүйсгэж, няцаамгүй. Үнэний ортой ч байж мэдэх л. Хотгор шанагын түүх давтагдах вий л гэж Увсчууд бултаараа эмээгээд байна шүү дээ...

Ямартай ч Эдийн засгийн сайдыг тойрсон ийм нэгэн будлиан үүдээтэхлээ. Улс орондоо хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаагаа ухамсарлаад нойр, хоолоо хасаж, шижигнэтэл ажиллахаар шийдсэн юм даг уу даа л гэж сайдаа зөвтгөе. Бааранд ч ордонд ч. Басхүү өдөр шөнийн алинд ч...   

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

   

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)