Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Төрд гарчхаад хувиа бодогсод, төрийн далбаан дор өөрийгөө дөвийлгөгчдийг “эмхэлнэ” гэв...

Төрд гарчхаад хувиа бодогсод, төрийн далбаан дор өөрийгөө дөвийлгөгчдийг “эмхэлнэ” гэв...

Өнгөрсөн долоо хоногт Монголын Топ-100 аж ахуйн нэгж тодорлоо. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж, үйлдвэрийн танхим хамтран эл үйл ажиллагааг 22 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм..

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийнхэнд хандаж үг хэлсэн бөгөөд үүнээс нь хэд хэдэн учиртай санаа цухалзав. Нэн тэргүүнд тэрбээр ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийн тогтвортой байдлыг хангахад үнэмлэхүй нөлөө үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүддээ талархал дэвшүүллээ. Ковидын амаргүй цаг үеийг туулсан ч үйл ажиллагаагаа сааруулалгүй өнөөтэй золгосонг нь сайшаав.

МУ-ын Засгийн газраас өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдвал улстөрч болон төрийн өндөр албан тушаалтан өөрийн хамаарал бүхий компаниараа төсвийн тендерт нөлөөлж, ялдаг байдал арилна. Ингэснээр чөлөөт өрсөлдөөний орон зай тэлнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, төрийн мэдлийн томоохон компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар өрнүүлнэ гэлээ. Авлигыг бүх шатанд таслан зогсооно. Тиймээс энэ үйлсэд аж ахуйн нэгжүүдийг ч идэвхийлэн манлайлж, ЗГ-аа дэмнэхийг хүслээ.

Ерөнхий сайдын ярианаас энэ мэт хэд хэдэн чухал агуулгууд “ургав”. Хувийн хэвшил, бизнесүүдээ дэмжин ажиллах Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны дүр ч ерөнхийдөө тодорлоо. Сайшаал төрөм. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, улс төрчид нь эрх мэдлээрээ “даапаалж” хувиа башийлгадаг удаан оршин тогтносон эл бурангуй тогтолцоо үгүйрэх үе удахгүй ирнэ ээ гээд Засгийн газрын тэргүүн тунхаглачихлаа. Тийн цагийг хүлээн суугаа олны итгэлийг ч үнэнхүү усаллаа. Төрд гарчхаад түмнээ бус хувиа бодогсдыг, төрийн өмнөөс ажил хийчихээд тэнгэрт тултал өөрсдийгөө дөвийлгөгчдийг ойрноос эмхлэх нь. Тийн муйхрын үндсийг сууриар нь өөрчлөх нь.

Одоо хэлснээ ажил хэрэг болгох л үлдсэн. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Хэрхэхийг цаг хугацаа, засгийн идэвх л шийднэм биз ээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

  

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)