БНХАУ Монгол Улстай төмөр зам болон шороон шуургатай тэмцэхэд хамтарна
“South China Morning post”-д гарсан Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятад, Монгол хоёр бол сайн хөрш, сайн найз, сайн түнш гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган хэлээд эдийн засаг, төмөр зам болон бусад дэд бүтцээс эхлээд элсэн шуургатай тэмцэх хүртэл хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдгээ онцолжээ.
Даваа гарагт Бээжин хотноо Монгол Улсын Гадаадын харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах үеэрээ Чинь Хятад улс хөгжлийн стратегиа нэгтгэж, "Бүс ба зам" санаачилгыг Монгол Улстай хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлсэн байна. Бээжингийн “Бүс ба Зам” санаачилгын гол хэсэг болох Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх 2016 оны хамтарсан төлөвлөгөөнд Улаанбаатар чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин Монголын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайвань, Хонгконг, Шинжаан зэрэг асуудлаар Бээжинг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрээр мөн Хятад улсын гадаад бодлогын баримт бичгүүдийг, тэр дундаа өнгөрсөн онд баталсан "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг сайшааж буйгаа илэрхийлжээ. Мягмар гарагт Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Б.Батцэцэг сайд "Монгол Улс БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын харилцаагаараа бүс нутагтаа үлгэр жишээ болгоход бэлэн байна" гэжээ.
Мөн айлчлалаар хоёр тал шороон шуургатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
Хятадын хойд хэсэг болон Монголын өмнөд хэсэгт орших говиос эхтэй элсэн шуурга хаврын улиралд тогтмол тохиолддог ч сүүлийн жилүүдэд давтамж нэмэгдэж байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Монгол Улс болон Хятадын хойд нутгийн зарим хэсэгт цөлжилт хүндэрсэнтэй холбоотой элсэн шуургыг хэрхэн даван туулах талаар судлах хамтарсан судалгааны баг тав, зургадугаар Улаанбаатар хотод ажиллах ажээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн арваннэгдүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон Монгол Улсын хуучирсан төмөр замыг шинэчлэхтэй холбоотой хамтын ажиллагааны төслүүдийн жагсаалтыг хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хөндсөн байна.
Хятад, Монголын худалдааны хэмжээ 2021 онд есөн тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 35 гаруй хувиар өсжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Хятад, Орос хоёрын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн 90 орчим хувь нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Гурван үндэстний бүс, авто замын эдийн засгийн коридор, Монгол дахь төмөр замын систем болон бусад дэд бүтцийг сайжруулсан нь Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Москвад тавьсан барууны хориг арга хэмжээнүүдтэй тэмцэж байгаа энэ үед Хятад, Оросын худалдааны харилцааг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Itoim.mn