Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Б.Амарсайхан:ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол миний нүүдэлчин ахуй соёлдоо үзүүлж буй хүндэтгэл

Б.Амарсайхан:ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол миний нүүдэлчин ахуй соёлдоо үзүүлж буй хүндэтгэл

Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч, зохиолч Б.Амарсайхантай ярилцлаа.

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол таны найруулагчаар нь ажилласан анхны уран бүтээл. Мэдээж анхны гэдэг утгаараа бүх талаараа танд онцгой байсан байх. Яг энэ сэдвээр л кино найруулъя, найруулагчийн анхны бүтээл болгоё гэж шийдэхэд нөлөөлсөн гол зүйл нь  юу байсан бэ?

 

-Би Монгол нутагт төрж өссөн хүний хувьд өөрийн орныхоо баялаг түүх, ёс заншил хийгээд дэлхий дахинаа улам л ховордоод буй нүүдэлчин ахуй соёлоо хүндэлж биширдэг. Уран бүтээлч хүний хувьд зүгээр ч нэг ахуй соёлоо шагшин бишрэх биш урт удаан жилийн түүхт нүүдэлчин ахуй соёл өнөөгийн монгол хүмүүсийн оюун бодол, сэтгэлгээ, зан байдалд хэрхэн нөлөөлснийг уран бүтээлдээ шингээн “дүржүүлэхийг” хүсдэг.

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол орчин цагийн хүмүүс бидний амьдралд тулгараад буй нийтлэг сорилт, зөрчлөөр дамжуулан Монгол хүний зан чанарыг гоёчлол эсвэл муулчлал байхгүйгээр үнэнээр нь дэлгэн үзүүлэх чадамжтай ажил гэж би харсан учир найруулагчийн анхны бүтээл болгоё гэж шийдсэн. Монгол хүн хийгээд улс үндэстнийг сэтгэл хөдлөл болон соёлын хувьд үнэнээр нь дэлгэцнээ буулгахдаа хүчирхэг байгалийн тогтцыг яг л дүрийн хувцас мэт дүрүүдтэй нийцтэй байлгаж, дотоодын төдийгүй дэлхийн үзэгчдэд кино урлагаар л зөвхөн илэрхийлж, бас мэдэрч болох тийм л кино бүтээл хийхийг зорьсон. Товчхондоо надтай, миний дотор мэдрэмжтэй хамгийн ойр сэдэв, хийцэл гэх юм уу даа.

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино Т.Бум-Эрдэнэ зохиолчийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн бүтээл. Энэ өгүүллэгийг анх хэрхэн олж уншсан бэ?

-Бумаа ах бид хоёр миний ко-продюсерээр ажиллаж, гол дүрд нь тоглож байсан “Үргээлэг-1” киноны зохиолч. Бид хоёр эртнээс бие биесээ мэднэ. Бараг 10-д жилийн өмнө би анх Бумаа ахад аавын тухай кино хиймээр байнаа гэж хэлэхэд өөрийн “Түнтүүлэй” өгүүллэгийг уншиж үзэхийг надад санал болгосон юм. “Түнтүүлэй”-г уншсан цагаас хойш энэ сэдвээр кино заавал хийнэ дээ гээд миний зүрхэнд хадагдаад, олон ч жил бодож явсан өгүүллэг.

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР киноны кино зохиолыг та бичсэн. Өгүүллэгийг зохиол болтол задлан бичих амаргүй биз. Зохиолоо  ер нь ямар арга барилаар бичдэг вэ?

-Анх кино зохиолоо өөрөө бичье гэж бодоогүй, зохиолоо бичүүлэхээр нэг уран бүтээлчийг хөлсөлсөн. Мэдээж хэрэг зохиол хөгжүүлэлт дээр тэр хүний санаа хувь нэмрээ өгсөн ч бодоод байхнээ энэ олон жил дотроо бодож явсан зохиол учир би өөрөө л яг хүссэн зүйлээ буулгаж чадах юм шиг санагдаад кино зохиолоо өөрөө бичиж эхэлсэн. ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР киноноос өмнө би “Хөх тэнгэрийн хязгаарт”, “Итгэл” кинонуудын зохиолыг бичсэн туршлага маань бас их тус болсон.

“Эргэж ирэхгүй намар” кино “Түнтүүлэй” өгүүллэгээс хэр их ялгаатай гэж та хэлэх вэ?

-Тийм ч их биш, гэхдээ кино маань эх өгүүллэгээ бодвол Тулгаа болон Түнтүүлэй нарын харилцааг илүү өөдрөг, итгэл найдвар дүүрнээр илэрхийлсэн гэж би хэлнэ.

ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР киног үзэгчдэд найруулагчийн өнцгөөс танилцуулаач гэвэл?

-Монголд ч гэхгүй дэлхий дахинаа орчин цагийн хүмүүс бидний бүтээсэн нийгэм, соёл нь биднийг өдөр бүр мэдээллийн илүүдэлд живүүлж, хийх ёстой буман хэрэгтэй, хэрэггүй зүйлсээр оюун санааг маань бүрэн эзэмдэж, маш завгүй байлгаж байна. Гэлээ ч хүн бүр дор бүрнээ өөрсдийнх нь дотор хариултаа хүлээсээр байгаа чухал асуултдаа хариулах цагийг гаргаж, нийгмээс өөрийгөө тусгаарлан, ганцаараа байх цагийг гаргах совин, бас эр зоригтой байх хэрэгтэй.

Завгүй, ачааллаар дүүрэн өдөр тутмын амьдралаасаа түр завсарлага аваад ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кинотой минь хамт үзэгчдээ би хөдөөгийн анирт, гол дүрүүдийн маань хамт өөр дотор руугаа шумбаж, хариулагдах ёстой чухал асуултынхаа хариултын эрэлд гарангаа хүнийг хүн байлгадаг эрхэм чанар,болох болзолгүйгээр нэгнээ хайрлах, ойлгох, эдгээх, төрөлх мөн чанараа тордож, “амьдлаг” болгоосой гэж урьж байна.

Таныг хүмүүс жүжигчин гэдгээр тань мэднэ. Жүжигчнээс найруулагч болох процесс, кино найруулах болсон гол шалтгаан тань юу байв?

-Яг үнэнийг хэлэхэд ийм, тийм учраас гэсэн бэлэн хариулт надад алга байна. Мэдэхгүй юм даа… Эргээд бодохнээ аливаа түүхийг хэн нэгэнд нүдэнд харагдаж, сэтгэлд мэдрэгдтэл нь ярьж өгнө гэдэг надад Бурханаас өгөгдсөн бэлэг юм гэж санагддаг. Хүүхэд байхын л ганцаараа өөрөө өөртэйгөө ярьж, ургуулан төсөөлөн бодож, ямар нэгэн түүх зохиогоод тоглодог байсан. Тэр түүхүүдийн нэг дүрд нь өөрийгөө заавал оруулан тоглоно. Заримдаа кино зохиол дээрх дүрийн яриаг яг камерын урд гараад жүжиглэх гэхэд амнаас гарахгүй хиймэл байх тохиолдлуудтай учирч явсан минь намайг кино зохиол бичихэд хөтөлсөн. Яг л энэ дүр, ийм нөхцөл байдалд, ийм л зүйл хэлнэ, үйлдэнэ гэдгийг гаргах зохиол бичихийг хүссэн. Гэтэл одоо ингээд анхныхаа киног найруулчихсан байна. Миний хэлж чадах ганц зүйл бол би кинон дээр ажиллаж, кино бүтээж байхдаа л хамгийн их баяр хөөртэй байдаг. Зохиолоо хөгжүүлээд явна уу, жүжиглэнэ үү, найруулна уу, яг энэ бүтээлч процессыг мэдэрч, энэ бүхэллэг зүйлийн нэг эд эс нь болж байгаагаа мэдрэх л хамгийн сайхан кайф байдаг даа.

-Гол дүр Тулгаагийнхаа дүрд анхнаасаа өөрөө тоглоно гэж бодсон уу? Эсвэл хэн нэгэн өөр  жүжигчнийг бодож байсан уу?

-Жүжигчний хувьд би тухайн дүрийн сэтгэл хөдлөл, зөрчил, түүнийгээ даван гарч буй нэвтрэн гарах үйлдлийг үзүүлэхэд намайг сорих тийм л дүр дээр ажиллахыг хүсдэг. Тулгаа бол яг л тийм дүр. Гаднаа чимээгүй, тайван харагдаж байгаа ч сэтгэл дотор нь өөртэйгөө зөрчилдөх хашхираан, даван туулах ёстой айдас ихтэй дүр. Нас биед гүйцсэн эр хүн харагдах ч сэтгэлийнх нь мухарт яг л Түнтүүлэйгийн насан дээр гацчихсан, хайрлуулахыг хүссэн бяцхан хүү оршиж байдаг тийм залуу. Гэхдээ жүжигчний ажиллагаа дутвал доторх зөрчил үзэгчдэд хүрэхгүй гөлгөр дүр болчих аюултай, эмзэг дүр. Бүр анхнаасаа л Тулгаагийн дүрд өөрөө тоглоно гэж шийдсэн.

-Түнтүүлэйгийн дүрийн сонгон шалгаруулалт ямархуу процессоор хийгдсэн бэ? Залуу жүжигчин Б.Тэнүүн-Эрдэнэтэй ажиллахад ямар байв?

-Хэрвээ Түнтүүлэйг л олж чадахгүй бол энэ кино хийгдэх ямар ч боломжгүй байсан. Тиймдээ ч би эхлээд Түнтүүлэйгийн дүрийг л их хайсан. Өгүүллэг дээр Түнтүүлэй 5,6 настай болов уу гэмээр нялх байдаг бол яг кинон дээр ийм насны хүүхдүүдийг тоглуулахад дэндүү балчирдаад байсан. Тэгээд яг Түнтүүлэйгээ олж чадахгүй гацалтад орсон байхдаа найруулагч, найз Гарамханд маань хүүгээ буюу Тэнүүнээг санал болгоход хэсэгтээ арай том байна гээд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй л яваад байсан.

Таны дараагийн уран бүтээлийн яриагаар ярилцлагаа өндөрлөе?

-Яг одоо би найруулагчийн хоёр дахь ажил “МОНГОЛ” түүхэн, адал явдалт киноны зураг авалтан дээр ажиллаж байна. ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР кино бол миний нүүдэлчин ахуй соёлдоо үзүүлж буй хүндэтгэл бол МОНГОЛ кино маань Монгол түмнийхээ баялаг үүх түүхэнд үзүүлж буй хайр, хүндэтгэл, үндэстний хувьд бид хэн бэ, хаанаас улбаатай, ямар үнэт зүйл, өвтэй улс гүрэн бэ гэдгээ ялангуяа залуу үедээ таниулахыг хүссэн бүтээл юм. Кино урлаг хүмүүсийг ялгаатай байдал дотор нь хүн гэдгээр нь нэгтгэж чаддагаараа гайхамшигтай. Энэ гайхамшгийг бага сагахан ч атугай үзэгчдэдээ амсуулж чадаж л байвал бүтээл туурвихын охь шим нь тэр юм даа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)