Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Гишүүдийн тоог нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ 7 хоногт өргөн барина

Гишүүдийн тоог нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ 7 хоногт өргөн барина

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд олон нийтээс санал авч дуусчээ. Тиймээс энэ 7 хоногийн сүүлээр  хуулийн төслийг УИХ-д барихаар саналыг нэгтгэж байгаа юм байна.

УИХ-ын 54 дүгээр тогтоол баталж, гишүүдийн тоо, тогтолцоог судалж, УИХ-д нэгдүгээр сарын 1-ний дотор оруулж ирэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Ингээд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа учраас УИХ-аас Засгийн газрыг боловсруулсан төслөө өргөн барихыг үүрэгджээ. Тиймээс Засгийн газраас Үндсэн хуулийн дөрвөн зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, санал авч дууссан юм. Тодруулбал,

1. Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.”

2. Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж,

4. Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр” гэснийг “Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай” гэж тус тус өөрчилсүгэй гэсэн дөрвөн агуулгаар санал авсан.

Энэ удаагийн өөрчлөлтийн гол зорилго нь гишүүдийн тоог хоёр дахин нэмж, 152 болгох. Ингэснээр 76 нь мажоритар, 76 нь намын жагсаалтаар парламентын гишүүн болох юм. Хуулийн төсөлд 152 гэж тусгасан ч хэлэлцүүлгийн явцад бууруулж, 108 болгоно гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнд гараад байгаа. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тооцоо судалгаа хийж, гишүүдийн тоог 152 болгох гэж байгаа учраас бууруулбал Засгийн газар энэ өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ямартаа ч энэ удаагийн өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог нэмэх нь тодорхой болоод байгаа.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим яам тамгын газрын нийслэлээс нүүлгэх гэхээр Үндсэн хуульд заавал нийслэлд байна гэж заасан учраас “төрийн дээд байгууллагууд” гэснийг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж өөрчилж байгаа аж. Ингэснээр төрийн эрх барих дээд байгууллагууд заавал Улаанбаатар хотод байх шаардлагагүй болох юм.

Гэхдээ эрх баригч нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж  гишүүдийн тоог нэмэх дээр санал нэгдсэн ч ард иргэд эсэргүүцэж байгаа. Парламентын 76 гишүүнтэй байгаад ард иргэдийн амьдрал дээшлэх нь бүү хэл өдрөөс өдөрт муудаж байхад 152 болгоно гэж байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. Иргэд эсэргүүцэж байгаа ч хуулийн төслийг энэ 7 хоногт Их хуралд өргөн барьж ирэх 7 хоногоос хэлэлцүүлгийг эхлүүлэхээр болжээ. Учир нь зургадугаар сардаа багтаан Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаатай. Тиймээс эрх баригч нам зургадугаар сардаа багтаан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн гурван том хуулиа "машиндах"-аар санал нэгджээ.

Эх сурвалж: IToim.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)