Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Цалин нэмэх ажлын хэсэг байгууллаа

Цалин нэмэх ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Харин АН-ын бүлэг хуралдаагүй байна.

УИХ дахь МАН-ын бүлэг ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээлэл, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны мэдээллийг сонссон байна. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийг төслийн талаарх мэдээлэл сонсчээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр хүнсний хувьсгалыг эрчимжүүлж, ноолуурын үнэ, гурилын үнийг тогтворжуулах хүрээнд Х.Болорчулуун сайдад чиглэл өгөв. Мөн цалин хөлс нэмэх шаардлагатай гэж үзэж Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг санал боловсруулж танилцуулах юм байна. Өнгөрсөн онд цалин нэмэхдээ ялгавартай нэмсэн гэж үзэж байгаа аж. Бага тушаалын алба хаагч, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан, соёлын салбарынханд цалингийн нэмэгдэл төдийлөн хүрч чадаагүй гэв.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв. Тэрээр "Төмөр замын тээврийн тухай хуулийг баталснаас хойш олон харилцаа нэмж үүссэн учир хуулийг шинэчлэх шаардлага гарсан. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ ХНН эзэмшигч, тээвэрлэгч гэж хоёр компани болж хуваагдана. Энэ хууль нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, тэгш өрсөлдөөнийг бий болгоно. УБТЗ ХНН-ийн төмөр замаас гадна 890 км гаран төмөр зам тавьсан. Хуулийн хүрээнд төмөр замын агентлаг байгуулна. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна. Энэ бүх харилцааг зохицуулах шаардлагатай.

УБТЗ ХНН-ийн нүүрсний тээврийн тарифад хязгаарлалт хийдэг. Үүнийг нэмэх юм бол ард иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж үздэг. Тиймээс хуулийн төслөөр тарифын аргачлалыг сайд батална. Тариф бодитой юу үгүй юу гэдгийг төмөр замын байгууллага хянана. Мөн орон тооны бус тарифын зөвлөл байгуулна. Энэхүү зөвлөл нь мөн тариф тогтож буй байдалд хяналт тавина" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)