С.Эрдэнэбат: Авлига, хээл хахуультай тэмцэж төвлөрүүлсэн мөнгийг ард түмэнд бодит цалин хөлс, орлогод зарцуулах шаардлагатай
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалин хөлсний асуудлаар ярилцлаа.
- Манай улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байна вэ?
- Монгол улсад хөдөлмөрийн үнэлэмж маш муу байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийн хувьд аваад үзэхэд манай улс Ази Номхон далайн бүсдээ нэлээд хойгуур үнэлэгдэж байгаа. Цагийн хөдөлмөрийн доод хэмжээ үндсэндээ НЭГ долларт ч хүрэхгүй байна. Дундаж цалин 1.590.000 төгрөг гэж байгаа боловч МЕДИАН цалин 1.100.000-1.200.000 орчим төгрөгт хэлбэлзэж байна. МЕДИАН цалин гэдэг бол хүмүүсийн авч байгаа голч цалин гэсэн үг. Баялгийг шударгаар хуваарилах хамгийн үр дүнтэй арга бол цалин тэтгэвэр юм.
- Хөдөлмөрчдийн авч буй цалингийн хэмжээ үнийн өсөлттэй хэрхэн уялдаж байгаа тухайд
- Цар тахал, дэлхийд өрнөж байгаа томоохон үйл явдлын нөлөөгөөр дэлхий нийтэд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ ханшийн өсөлтийн тухайд манай улс импортлогч орон учраас гадаадын үнэ ханшийн өсөлтийг давхар импортлоод өөрийнхөө үнийг нэмээд үндсэндээ хүмүүсийн амьжиргааны түвшин буурсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд инфляцын нийлбэр дүн 25-30 хувь болчихлоо. Өөрөөр хэлбэл бодит цалин тэр хэмжээнд идэгдлээ гэсэн үг. Үүнийгээ нөхөж чадсан салбар гэвэл одоогоор байхгүй байна. Ялангуяа бага дунд орлоготой, цалинтай салбарын ажилтнуудын хувьд хүндрэл үүссэн.
Тухайлбал, Сүхбаатарын талбайд жагсаж цалингаа нэмэгдүүлэх шаардлага, санал тавьж буй хүмүүс төрийн үйлчилгээний албан хаагчид. Энэ хүмүүсийн үндсэн цалин 567.000 төгрөг байна. Хамгийн сүүлд нэмэгдсэн цалин нь энэ шүү дээ. Үүнийг инфляцтай уялдуулан аваад үзэхэд үндсэндээ 8 хувь орчим нэмэгдсэн гэсэн үг. Гэтэл төрийн захиргааны зарим албан хаагчдын цалин 30-40 хувь нэмэгдчихсэн байх жишээний.
- Та бүхэн Засгийн газар, холбогдох төр засгийн байгууллагад хандан ажилтан албан хаагчдын цалинг нэмэх шаардлагыг тавьдаг. Гэвч төрд цалин нэмэх бодит боломж нөхцөл бий юу?
-Мэдээж бид боломжгүй зүйлийг төр засгаас нэхэхгүй. Гол нь төр засгаас зөв бодлого гаргаж, хөдөлмөрчдин цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх боломж байгааг судалгаа тооцоонд тулгуурлан ярьж байна. Энэ хүрээнд НЭГДҮГЭЭРТ бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг дагаад нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад бүх төрлийн татвар өслөө. Татварыг ард иргэд цалингаараа төлж байгаа шүү дээ. Тиймээс цалин татварын зохистой тохируулгыг хийх ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж байгаа. ХОЁРДУГААРТ ганцхан жишээ хэлэхэд манай дотоодын бүтээгдэхүүний 20 гаруй хувь нь цалинд зарцуулагдаж байна. Энэ жишгийг аваад үзэхэд манай улс олон улсын хэмжээнд дунджаас нэлээд хойгуур байна. Өөрөөр хэлбэл нийт бий болгож байгаа баялагт нь цалингийн эзлэх хувь бага байдаг гэсэн үг.
Тийм учраас манай улсын эдийн засаг төрөлждөггүй, уул уурхайгаас шууд хамааралтай хэвээр байна. Дээр нь сүүлийн 30 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжийг авлига, хээл хахууль хулгайлж, зээл концессыг улс төр мэдээлэлд ойрхон, эрх мэдэл, бизнесийн танил талаа ашиглан хэсэг бүлэг хүмүүс хуваагаад идчихсэн. Бүр сүүлдээ нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан руу нь энэ хулгай дээрэм нь орчихсон. Төрөөс зээл олгохоор нөгөө хэд л хамгийн түрүүнд хуваагаад авчихдаг. Гэтэл тэдний зээлсэн зээл, хүүг нь эгэл жирийн иргэд, цалингаараа амьдарч байгаа хүмүүс маань татвараараа төлж байна.
Тийм учраас манай улсад далд эдийн засаг хөгжиж, авлига, хээл хахууль нүүрлэж, үүний цаана мөнгө угаалтын эсрэг гэмт хэрэг нүүрлэчихээд байна. Дэлхийн банкнаас Монгол улсыг саарал жагсаалтад хүртэл оруулсан нь ч үүнтэй холбоотой. Үнэндээ улс орны цалингийн санг хэд дахин нугалах, нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгө мөнгө авлига, хээл хахууль болж цөөн хэдэн хүний халаасанд орж, буруу замаар урсч, нэг хэсэг нь гадаадад оффшор дансанд орж, нөгөө хэсэг нь барилга байшин нь шингээд алга болж байна.
- Тэгэхээр таны бодлоор яаж цалингийн орлогыг нэмэгдүүлэх вэ?
- Бараа бүтээгдэхүүний үнэ 50 хувь өссөн, зарим нь хоёр дахин өссөн. Цалин хөлс бол суурь асуудал эдийн засгийг төрөлжүүлэх асуудал. Энэ тал дээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо олон талын боломж бололцоог тавьж байгаа.
Нэгдүгээрт, улсын төсвийн хэмнэлтийг бодитойгоор цэгцлэх хэрэгтэй. Жишээ нь дэд даргыг чөлөөлөө, машин унааг зарлаа гэдгээс илүү цөөн хэдхэн сурагтай суманд хэдэн зуун сурагч суралцах боломж сургууль барьдаг. Тэр нь эргээд ашиглалтын зардлын асуудал үүсгэдэг байдлыг бодитой харж ийм нөхцөлийг анхнаасаа үүсгэхгүй бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Ингэж гэмээнэ төсвийн хэмнэлт бодитой болно.
Хоёрдугаарт, Авлига, хээл хахуультай хатуу тэмцэж, авлигатай холбоотой олсон орлогыг төсөвт, цалин тэтгэврийн санд төвлөрүүлэх шаардлагатай гэж боддог. Мөн татвараа бүгдээс адил тэгш авдаг болох. Үнэндээ эрх мэдэлтэй, арга зальтай, танил талтай хүмүүс татвар төлөхөөс ямар нэг аргаар “зугтаж”, ард нь энгийн иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид л олдог багахан орлогоосоо хуулийн дагуу татвараа төлж байна. Үүнийг цэгцлэх ёстой.
Гуравдугаарт, Байгалийн баялгаа зөв ашигла, улсын төсөвт төвлөрөх орлого боломжийг нэмэгдүүлэх, дайчил. Байгалийн баялгийг дээр дурдсанчлан мэдээлэлд ойрхон хэдхэн хүмүүс завшдаг, албан тушаалтнууд үүнд нь оролцож хөлждөг байдлыг таслан зогсоох шаардлагатай.
Дөрөвдүгээрт, Цалин хөлсний суурь асуудалд анхаарлаа хандуулж шийдэхгүй бол энэ цаашлаад Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрчихлээ. Монголчууд нэг сая төгрөг хүрэхгүй буюу ойролцоогоор гурван зуун ам.долларын цалинтай байхад болно доо гэдэг хандлага гадаад дотоодын хүмүүст төрж байна. Тэд ингэх нь аргагүй л дээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн нэг ам.доллар хүрэхгүй байгаа юм чинь.
Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ нь манайхтай адил улс орнуудын байгаа тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ манайхаас 10-20 дахин илүү байна. Тэгэхээр энэ нь эдийн засгийн онолын үүднээс хүний нөөцийн үнэлэмж дагасан шилжилт хөдөлгөөн хийх нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын ажлын чадамжтай иргэд ямар нэг аргаар ч болов Солонгос зэрэг бусад улс орнууд руу гарч хөдөлмөрөө бодитой үнэлүүлье, мөнгө төгрөг хураая, аж амьдралаа дээшлүүлье гэж бодож эхэлнэ.
Одоо 300 мянга орчим иргэн гадаадад ажилладаг манай улсын хувьд энэ тоо нэмэгдэх тусам Үндэсний аюулгүй байдлын баталгаа алдагдана гэсэн үг.
-Үйлдвэрчний эвлэлийн холбоо ямар шаардлагыг засаг төрд тавьж байна вэ?
- Бид юуны өмнө зөвшилцлийг урдаа барьдаг. Аргаа бараад зарим нь Сүхбаатарын талбайд гарч жагсаж, суулт зарлаж байгаа. Тэр болгон нь дээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг янз янзаар хэлдэг. Гэхдээ бид гишүүдийнхээ тавьж байгаа зүй ёсны санал шаардлагад хүндэтгэлтэй хандана. Энэ дагуу цалин хөлсийг ажлын байрны салбар бүрээр ялгаварлалгүй нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт нь хүргүүлсэн.
Төр засаг бидний шаардлагыг хүлээж аваад тодорхой хэмжээнд шийдье судалъя, үнэхээр цалин бүтцийн болон шударга ёсны үнэлэмж нь ч алдагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ний нуугүй хэлэхэд сүүлийн хэдэн жил өндөр албан тушаалтны, тэдний гар хөлийн үзүүрт зарагддаг цагаан захтнуудын цалин харьцангуй өндөр хувиар нэмэгдчихсэн. Гэтэл нь хажууд байгаа үйлчилгээний ажилтнуудын цалин нэр төдий нэмэгдсэн. Тэгэхлээр энэ хүмүүс гомдоно биз дээ.
Мөн дээр нь БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД зэрэг тэргүүлэх салбарын ажилтан албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь шаардлага байна. Монголчуудад хамгийн чухал нь эрүүл мэнд, мэдлэг боловсрол хэрэгтэй байна. Монголчууд ядуурлаасаа 30 жил гарах гэж оролдож үзлээ. Боловсрол, эрүүл мэнд ард түмэнд ойрхон үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийнхээ цалинг ядаж улсынхаа дундаж цалингийн хэмжээнд шаардлагатай. Ингэж байж бид оюуны хоосролоос гарч, нийтийн хөгжлийн тухай ярих хэрэгтэй болно.
Багш нарынхаа цалинг багадаа л 30-50 хувь нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын дундаж цалинг 3 саяд хүргэж чадвал ядаж тэд хувийн сургууль эмнэлэг рүү очихгүй, гадагшаа гарч ажиллахаар зүтгэхгүй, тухайн ажил дээрээ бүтээмжтэй ажиллах бололцоо бүрдэнэ. Гэтэл бид төр засагтай таван жилийн өмнө цалин хөлсийг ингэж нэмэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байсан, одоо болтол бүрэн биелээгүй хэвээр байна. Соёл урлагийн салбарыг бүр хаячихсан. Аливаа улсын боловсрол, эрүүл мэнд, соёл гурав төрийн бодлогын хамгийн гол чухал гурван зүйл байдаг. Тийм учраас эдгээр байгууллагад ажиллагчдын цалин хөлсийг дор хаяж эхний ээлжинд инфляцын түвшинтэй уялдуулаад бага тушаалын ажилчдаас авхуулаад 30-50 хувь энэ жилдээ нэмэх шаардлагыг тавьж байна.
- Зарим салбарын ажилчдын цалинг ажлын үр дүн, гүйцэтгэлтэй холбогдуулж нэмсэн гэдгийг ЭМЯ, БШУЯ-наас хэлдэг.
- Засгийн газраас хэрэгжүүлж буй дэвшилттэй ажил бол байна, энийг бид нар 100 хувь үгүйсгээгүй. Зарим салбарын ажилчид маань гүйцэтгэлээсээ хамаараад цалин хөлс орлого нь нэмэгдсэн. Гэсэн ч авч буй цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй хэвээр байна. Ямар сайндаа нэг багш гурван багшийн ажлыг, нэг эмч гурван эмчийн, нэг сувилагч гурван сувилагч ажлыг хийж байж сая авч буй цалин нь амьдралд нь ойртож байна.
Ийм нөхцөл байдлыг бид болж байна, бүтэж байна гэж хараад сууж болохгүй. Үүний цаана хэн хохирч байна гэвэл нэгдүгээрт хүүхэд хохирно, магадгүй өнөөдөр биш гэхэд 10 жилийн дараа илэрхий болно. Хоёрдугаарт өвчтөнүүд хохирно, чанар хяналт гэдэг зүйл алдагдана. Тийм учраас бид нар Засаг төрийг “хэлэлцээрийнхээ амлалтад хүр, амлаж гарын үсэг зурсан юм бол үүнийгээ биелүүл” гэж шаардана. Цалинг тодорхой хувиар нэмсэн гэдэг нэрээр зөвхөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Яам агентлаг нарт ажилладаг цагаан захтай дарга нарын цалинг нууцаар шахуу нэмчихсэнийг бид “цалин нэмсэнд” тооцож үзэхгүй.
- Засгийн эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт “Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална” гэсэн заалт байдаг.
- Эрх барьж байгаа нам ч бай, сөрөг хүчин ч бай аль аль нь сарын цалинг тэдэн саяд хүргэнэ, зарим нь таван саяд хүргэнэ гэж амлаж байсан. Инфляцын түвшинтэй уялдуулан жил болгон нэмнэ гэсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр цалин нэмээгүйг бид хаана хаанаа ойлгож хүлээн зөвшөөрсөн. Ийм үед цалингаа нэмэгдүүлье гээд яахав гээд шахаж шаардалгүй өнжсөн. 2021 онд цалин нэмэхдээ багахан нэмсэн гэдэг энэ нь 25-30 хувь өсчхөөд байгаа инфляцын түвшинтэй уялдах хэмжээнд нэмэгдээгүй.
Бензин, орон сууцны үнэ хоёр дахин өсчихлөө. Валютын ханш одоо 1000 төгрөгөөр нэмэгдчихсэн. Нэгдүүлсэн гээд байгаа цалинг нь гадаад валюттай харьцуулаад үзэхээр хөдөлмөрчдийн олонх нь сардаа 300-400 долларын цалинтай хэвээрээ. Тэгэхээр миний амьдралд дорвитой чанарын өөрчлөлт гарч байна уу гэдэг дүгнэлтийг хүмүүс маань хийж эхэлж байна.
- МҮЭХ цаашид ямар бодлогыг барьж, ямар шаардлагыг тавьж ажиллах вэ?
- Цалин хөлсийг хоёр шаттай нэмэгдүүлье. Төсвийн боломж бололцоогоо харгалзаж байгаад эхний ээлжинд цалин хөлсний нэмэгдэл нь хоцорчихсон албан хаагч нарыг хамруулъя гэж байгаа. Цалингийн нэмэгдлээс хоцорсон 50 орчим мянган ажилтны 25 орчим мянга нь боловсролын салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч нар. Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг хүмүүс гэсэн үг.
Эмнэлэгт бол асрагч, сургуульд бол үйлчлэгч, жижүүрийн ажил хийдэг ажилчдын цалинг нэн даруй нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байгаа. Дээр хэлсэнчлэн төрийн захиргааны голдуу албан хаагчдын сарын цалинг 30-40 хувь нэмчхээд, үйлчилгээний албан хаагчдын сарын цалинг яахлаараа 8 хувь нэмдэг юм. Тэд адилхан эрх тэгш хүмүүс. Ойрын хугацаанд энэ асуудлыг шийд гэдэг шаардлага тавьж байна.
Ер нь бол цалин хөлс орлогыг энэ жилдээ багтаад дахиад тодорхой хэмжээнд нэмэх шаардлага байна. Төр засгаас заавал сонгууль ойртуулаад сонгуульд санал өгөхийн өмнө цалин нэмдэг, улмаар иргэдийн саналыг худалдан авах мэт ийм бусармаг аргыг МҮЭХ дэмжихгүй.
Хүмүүсийн амьжиргааны баталгааг хангах асуудлыг сонгуулийн асуудалтай холбож ойлгох ёсгүй. Тийм учраас энэ тал дээр бид нар зөвшилцсөн, салбар яамдууд тооцоо судалгаагаа хийж байна.
Мөн бид 6 сардаа багтаад цалингийн бүтцийг системээр нь шинэчилье, өөрчилье гэдэг санал гаргасан. Ингэж байж л баялгийг шударгаар тэгш хуваарилна. Хөгжиж буй улс орнууд хүний нөөцөө дагаж хөгждөг. Үйлдвэр завод барьж ажлын байрыг нэмэгдүүлдэг. Мэргэжил боловсролтой ажилчдын бэлтгэдэг. Манайх харамсалтай нь орлого олбол байшин барьчихъя гэдэг. Зарим төсвийг нь аваад үзэхэд нэг сургууль, нэг эмнэлэг барьчихдаг тэнд нь хүн очиж хүн ажиллана гэдгийг тооцоолоогүй хаячихсан. Үүнээс болоод хүний нөөцийн бодлого алдагдахад хүрч байна.
- Та яриандаа авлига албан тушаалын хэрэгтэй төр засаг хатуу тэмцэж таслан зогсоож, эндээс олсон орлогыг цалингийн санд хуримтлуулах хэрэгтэй гэсэн. Энэ талаар таны байр суурь?
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авлига, хээл хахуультай тэмцэж байгаа тэмцлийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо анхнаас нь шаардаж, дэмжиж байгаа. Энэ тэмцлийг магадгүй улс төрийн тохироо гэдэг байдлаар ийм байдлаар чимээгүй өнгөрөөж болохгүй. Үр дүнг иргэд нэхэж байна. Ерөнхий сайд оны өмнө Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны идэвхтэн сонгуультан хүмүүстэй уулзахдаа нэг л зүйлийг хэлсэн. Авлига, хээл хахууль биднээс маш их боломжийг хулгайлсан байна, цалин хөлс, нийгмийн хамгаалал гээд олон хүнд хүртэх ёстой боломжийг хулгайлсан гэдгийг онцолсон. Тиймээс авлига, хээл хахуультай тэмцэж төвлөрүүлсэн мөнгийг ард түмэнд бодит цалин хөлс, орлогод зарцуулах шаардлагатай гэж боддог.
- Ярилцлага өгсөнд танд баярлалаа.
-Та бүхний ажил амжилт хүсье, баярлалаа.
Эх сурвалж: Amlalt.mn