“Хүчирхийлэгчид” хурга тэвэрч “наалинхайтах” зохихгүй, төрийн сэнтий ч тохирохгүй
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хурга тэвэрч, жигтэйхэн “наалинхайтсан” зураг цахим орчинд тархаж. Саяхан л төрсөн охиноо “хүчирхийлж”, эмэгтэй хүнд баймгүй догшин авир гаргаж асан түүний ийм “энхрий” дүр олон нийтэд таалагдсангүй. Таашаагдсангүй. Итгэл төрүүлсэнгүй. Сонгууль угтсан пиар, тавилтат жүжгийнх нь нэг хэсэг шиг л ойлгогдов. Үгүйсгэмгүй. Чухамдаа бол үрээ хайрладаггүй хүн амьтан энэрнэ ч гэж юу байх вэ дээ...
Ч.Ундрам гишүүн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би гишүүний ёс зүй зөрчөөгүй. Манай гэрийн “гал тогооны” асуудал миний улс төрийн кареер, ажилтай огт хамаагүй” хэмээж, өөрийгөө өмөөрөх юм билээ. Ахархан.
УИХ-ын гишүүн хэмээгч нь төрд ард түмнийг төлөөлдөг. Тиймээс түүний үйл хөдлөл бүхэн нь чанд, нямбай аливаа ёс зүйгээс гажимгүй байх ёстой. Хувь, хувьсгал ялгаагүй. Аль ч түвшинд биеэ цэгнэвэл зохилтой. Тэгж гэмээнэ итгэлийг нь авсан иргэдээ хүндэлж, дээдэлсэн хэрэг болно. Төрийн хүний хариуцлага ийм. Үүрэг тийм.
Гэтэл Ч.Ундрам гишүүн үүнийг ухамсарлахгүй л байгаа. Харамсалтай. Асуудлыг өөрөөсөө холдуулж, гэмгүй дүр эсгэх гээд л ядах. Ард түмэн харж байгаа гишүүнээ. Тиймээс үнэнээс бултах аргагүй. Хайртай намдаа “тэврүүлсээр” төрийн сэнтийд арай л удлаа. Одоо болох биз. Хариуцлага хүлээж, эрэмбэ заах цаг чинь эрхгүй болжээ. Гарцаагүй.
Д.Сүрэн
Sanuulga.mn