Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авч эхэлжээ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авч эхэлжээ

Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яамдуудаас санал авч эхэлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндсөн ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гишүүдийн тоог нэмэх боломжтой. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг төслөө боловсруулж дуусчээ. Одоо яамдаас санал авах процесс үргэлжилж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: УИХ-ын сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах зэрэг асуудал нь УИХ-ын гишүүдийн тоотой хамааралтай. Бид УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, сонгогчдыг төлөөлөх төлөөллийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоогоо бодитой болгох шаардлагатай.

Энэ ч үүднээс УИХ өнгөрсөн зун ээлжит бус чуулганаараа 54 дүгээр тогтоол баталсан. Үндсэн хуулийн цэц цаашид УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс УИХ 54-р тогтоолоо баталж, Засгийн газарт сонгуулийн холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Засгийн газраас ямар ажил хийж байна. УИХ-д танилцуулах саналаа бэлдсэн үү.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: УИХ-аас өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайд захирамж гаргаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг төслөө боловсруулсан. Одоо яамдаас санал авах процесс үргэлжилж байгаа. Цаашид олон нийтээр хэлэлцүүлнэ. Ер нь манай улсын парламентын гишүүдийн тоо хэт цөөн байгаа. 1992 онд Үндсэн хуулиа баталж сонгууль явуулахад нэг УИХ-ын гишүүн 24 мянга орчим иргэнийг төлөөлдөг байсан бол одоо 45 мянга орчим иргэнийг төлөөлж байгаа. Парлментын гишүүн дээд тал нь хүн амынхаа нэг хувийг төлөөлөх зарчим олон улсад мөрдөгддөг. Манайд энэ хэмжээ 1.45 хувьд хүрсэн.

Дашрамд дурдахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 19 гишүүний 14 нь "давхар дээл"-тэй буюу УИХ, Засгийн газрын гишүүнийг давхар хийж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр 76 гишүүнтэй парламентаас 14 нь Засгийн газрын гишүүн давхар хийхээр парламентын хүчийг сулруулж байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг олон гишүүн илэрхийлсэн. Парламентын гишүүдийн тоог хүн амын тоотойгоо уялдуулж нэмэх шаардлагатай бөгөөд 3.3 сая хүн амтай манай улс 156 парламентын гишүүнтэй байх шаардлагатай гэж үздэг байна.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)