Б.Лхагвасүрэн: Бодлогын хүү 13 хувь байгааг алгуур бууруулна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр “Энэ онд эдийн засгийн өсөлт 4 хувь байхаар тооцоолсон. Энэ хавар мал олноор хорогдсон, цас их орсон зэргээс үүдэн хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарахгүй нь. Мөн өрхийн орлого дорвитой өсөхгүй, улмаас хэрэглээ өсөхгүй, эрэлт буурна. Энэ нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө” гэв.
Харин Азийн хөгжлийн банк энэ онд эдийн засаг 5 хувь, ЕСБХБ 7 хувиар өснө гэж тооцоолсон юм.
12 хувь байгаа инфляц буурна
Дэлхийн олон оронд хүнсний инфляц ихээхэн өссөн байсан бол одоо саармагжиж байна. Засгийн газар ОХУ-тай хоёр жилийн турш үнэ тогтворжуулахаар тохиролцсон тул шатахууны инфляцад үзүүлдэг нөлөө буурсан.
Энэ оны эхний гурван сард гадаад худалдаа ихээхэн идэвхжиж, экспортын орлого импортынхоос давлаа. Нүүрсний экспорт эхний гурван сарын байдлаар 13 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс хэд дахин давсан үзүүлэлт. Улсын төсвийн орлого өндөр байгаа тул энэ оны сүүлээр инфляцыг 8 хувьд хүргэхээр зорьсон. Тээврийн зардал цар тахлын өмнөх үедээ хүрч буурсан нь инфляц буурах нэг нөхцөл боллоо.
Хөрөнгө оруулалт өсөхгүй
Хувийн салбарын хөрөнгө оруулалт энэ онд өсөхгүй. “Оюу толгой” энэ онд 1.4 тэрбум, ирэх онд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс өөр гадаадын хөрөнгө оруулалт ердөө 200 сая ам.доллар байхаар байна.
“Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт эхэлсэн ч тус компанийн орлого 2027 оноос ихээхэн өснө. Энэ онд шууд борлуулалтын орлого өсөхгүй. Гэхдээ цахилгаан машины үйлдвэрлэл, эрэлтийн нөлөөгөөр нэг тонн зэс 12 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь “Оюу толгой” , “Эрдэнэт” үйлдвэрт сайнаар нөлөөлнө.
Зээл олголт нэмэгдэнэ
Манай улсад өвөл бизнесийн идэвх саарч, хавар зээл олголт өсдөг. Энэ дагуу энэ сараас зээл олголт өсөх хүлээлт байна. Монголбанк арилжааны банкуудад 14 хувийн хүүтэй зээл (бодлогын хүү 13 хувь тул) өгч, банкууд бизнесийн зээлийг 16-18 хувийн хүүтэй зээлдүүлдэг.
Системийн нөлөө бүхий банкууд энэ оны эхний хагаст нийт хувьцааныхаа 10 хувийг олон нийтэд нээлттэй худалдах үүрэгтэй. ХААН банкны хувьцааны анхдагч арилжаа энэ долоо хоногт эхэлнэ. ХХБ IPO хийх төлөвлөгөөгөө ирүүлсэн. Бид хянаад Санхүүгийн зохицуулах хороо руу шилжүүлнэ. Ингэснээр Хас банк л үлдэж байна. Системийн нөлөө бүхий банкууд IPO хийхээс өмнө санхүүгийн үзүүлэлтүүдээ өндөр, эерэг харуулахыг эрмэлзэн, бизнесийн зээл олголтоо хумьсан. Хэрэглээний, цалингийн зээл олгож байв. IPO гаргах үйл явц өндөрлөснөөр бизнесийн зээл энэ оны гуравдугаар улирлаас өснө.
Банкууд гаднаас эх үүсвэр татахад бид 18 хувийг нь заавал байлгах нөөцөд хадгалах шаардлага тавьдаг байв. 100 сая ам.долларын эх үүсвэр татлаа гэхэд 18 сая ам.долларыг нь Төв банканд байршуулаад 82 сая ам.долларыг зээлд зарцуулдаг байв. Төгрөгийн ханшийн савлагаанаас сэргийлэн ийм шийдвэр гаргасан юм. Харин одоо банкууд нэг жилийн хугацаатай эх үүсвэр гаднаас татвал 100 хувь зээлд гаргах боломжтой болсон.
Бодлогын хүү 13 хувь байгааг алгуур бууруулна
Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байна. Сүүлийн 14 хоногт арилжааны банкууд ам.доллар худалдан авах хүсэлт тавиагүй. Энэ нь төгрөг чангарахад нөлөөлсөн. 2022 онд төгрөг 20 хувиар суларсан нь ОХУ-Украины мөргөлдөөнөөс үүдсэн. Энэ онд алт тушаалт өмнөх жилүүдийнхтэй ойролцоо буюу 20-22 тонн байна. Учир нь манай улсын шороон ордуудын нөөц дуусаж байна.
Бондын төлбөр
Хөгжлийн банк он дуусахаас өмнө 400 сая ам.долларыг төвлөрүүлэх ёстой. Хэрэв зээлийн эргэн төлөлт энэ хэмжээнд хүрэхгүй бол тус банк бонд гаргана. Эсвэл Монголбанкны гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ. Мөн энэ онд “Шангри Ла”, “Энержи ресурс” компаниуд зээл төлнө.
Sanuulga.mn
Alguur buulgana gechihjee dotood gadaadiin baychuudiin durem ugeer ajilaa Hiideg bhaa hechineen Jil ingej ajillaj bgaa bilee