"БЗС-ийн зээлээр сурсан бүх оюутны зээлийг тэтгэлэг болгох боломжийг нээнэ"
БШУЯ-наас Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой мэдээлэл өглөө. Цаашид яам БЗС-ийн сонгон шалгаруулалтад оролцохгүй, зээлийн ярилцлагыг ил тод болгоно гэв.
Тодруулбал, БЗС-ийн зээлээр сурсан оюутнуудын нэрийг ил болгосон билээ. Үүнээс 230 оюутан зээлээ төлөхгүй, 27 тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгаа юм. Мэдээллийг ил болгосноос хойш 250 гаруй сая төгрөг төлөгдсөн гэж Л.Энх-Амгалан сайд мэдээллээ.
БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газраас хамааралгүй болгоно
БЗС-ийн зээлийг улс төрд нөлөө бүхий эсвэл мэдээлэл ойр байсан хүмүүс авдаг гэх хардлага бий. Тэгвэл Монгол Улсын оролцдоггүй сонгон шалгаруулалт байдаг аж. Тухайн улсын Засгийн газар оюутнаа сонгон шалгаруулж авдаг. Харин манай улс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр эсвэл амьдрах зардлыг олгодог аж. Үүнд,
-Японы Засгийн газрын тэтгэлэг
-Австралийн Засгийн газрын тэтгэлэг
-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр. Эдгээрийн сонгон шалгаруулалтад манай улсын оролцоо байхгүй. Харин хамтарч сонгон шалгаруулалт хийдэг дараах улсууд байна. Энд л гаднын нөлөө орох эрсдэлтэй байдаг гэж Л.Энх-Амгалан сайд хэлэв. Үүнд,
-АНУ-ын фулбрайтын тэтгэлэг
-ИБУИНХУ-ын чевнингийн тэтгэлэг
-Унгарын тэтгэлэг
-Польшийн тэтгэлэг
-Вьетнамын тэтгэлэг
-Лаосын тэтгэлэг. Эдгээрийн сонгон шалгаруулалтад яам ороцлдог аж. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Энэ сонгон шалгаруулалтад хардлага их байдаг. Англи хэлний өндөр оноо аваад байхад түүнийг сонгон шалгаруулж байгаа хүн нь англи хэлгүй байх жишээтэй. Англи хэлний оноотой хүүхдийг англи хэлгүй багш яаж сонгон шалгаруулах вэ. Үүнд л гаднын нөлөө орох эрсдэл байна. Тиймээс цаашид сонгон шалгаруулалтыг яамнаас хамааралгүй болгоно. Ялангуяа ярилцлага хийдэг байдлыг сайжруулж, дэлхийн шилдэг багш нарыг урьж хийлгэнэ. Ингэснээр оюутнуудаа сонгон шалгаруулахад хардлага гарахгүй" гэв.
БЗС-ийн зээлээр сурсан бүх оюутны зээлийг тэтгэлэг болгох боломжийг нээнэ
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу гадаадын их дээд сургуулиудад БЗС-ийн зээлээр сураад буцаж эх орондоо ирээд таван жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлвөл зээлийг нь тэтгэлэг болгодог байсан. Тэгвэл одоо БЗС-ийн зээлээр гадаадад сурсан ч бай, дотоодод сурсан ч бай тодорхой шалгуур тавьж, зээлийг нь тэтгэлэгт шилжүүлдэг болно гэв. Үүнд, Оюутны хөгжлийн зээл,
Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "БЗС-ийн зээлээр гадаадад сурч ирээд эх орондоо таван жил ажиллавал зээлийг чөлөөлдөг. Гэтэл БЗС-ийн зээлээр дотоодод сурсан оюутнуудын зээлийг ингэж чөлөөлөх боломжгүй байна. Дотоодын хөнгөлөлттэй зээл авсан 169 мянга, Оюутны хөгжлийн зээл авсан 53 мянган хүүхдэд энэ боломж алга. Ийм ялгаа гарчээ. Хамгийн өндөр зээл авсан хүүхдийн төлбөр тэтгэлэг болж чөлөөлөгддөг харин дотооддоо амьжиргааны түвшин муутай, бага орлоготой өрхийн хүүхдийн авсан зээл чөлөөлөгдөхгүй байгаа юм. Тав байтугай 10-15 жил ажилласан хүүхдүүд зээлээ төлж байна. Үүнийг адил болгох ёстой. Гадаадад сурсан байна уу, дотоодод сурсан байна уу хамаагүй. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ улсдаа ажиллавал чөлөөлнө. Дотоодын зээлийн гэрээгээ биелүүлэхгүйгээс 15 тэрбум төгрөгийн өр үүссэн. Манайд 10 мянган диплом хадгалагдаж байна" гэлээ.
Sanuulga.mn