Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Амарбаясгалан: Өнөөдөртөө багтааж төрийн албанаас чөлөөлж байгаа хүмүүст мэдэгдлийг нь хүргүүлнэ

Д.Амарбаясгалан: Өнөөдөртөө багтааж төрийн албанаас чөлөөлж байгаа хүмүүст мэдэгдлийг нь хүргүүлнэ

Засгийн газар таван Ш ажиллагааны хүрээнд төрийн албанд Шүүр ажиллагааг хэрэгжүүлж буй. Тус ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүст дөрөвдүгээр сарын 7-н гэхэд ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх шийдвэрийг гаргасан. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нар хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төсвөөс цалинжиж байгаа 225 мянган төрийн алба хаагч байна. Төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад 75 мянга орчим ажилтан ажиллаж байна. Төрийг төлөөлж нийт 300 мянган хүн ажиллаж байна гэсэн үг. Төрийн албанд танил тал, хамаатан саднаа томилдог байдал нэлээдгүй байсаар ирсэн. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар удирдах алба хашиж байгаа албан тушаалтнууд болон тэдгээр байгууллагад ажиллаж байгаа албан хаагч дотор мэргэжлийн шаардлага хангаагүй, хуулийн зөрчилтэй, улстөрчдийн шахаагаар орж ажилласан хүмүүс байна. Тиймээс энэ хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх юм. Урьдчилсан байдлаар авсан мэдээллээр 4000-6000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөнө.

Мөн Ковидын хуулийн хэрэгжилт зогссонтойгоо холбоотойгоор 2000 гаруй албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. 2023 оны улсын төсвийг батлуулахдаа тэтгэвэр авч байгаа хүн төсвөөс цалинжихгүй байх зохицуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр 5000 иргэн тэтгэвэр аваад төрийн албанд ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутаг, сумын түвшинд аргагүй эрхэнд тэтгэвэртээ гарсан нарийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна.

Төрийн байгууллагууд, бүх шатны удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс өнөөдөртөө багтаж, бүх мэдээллээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр мэдээллээ ирүүлэх ёстой. Дөрөвдүгээр сарын 6-нд багтаад ямар арга хэмжээ авах тухай мэдээллээ ирүүлэх чиглэл өгсөн. Нэг үгээр, өнөөдөртөө багтааж төрийн албанаас чөлөөлж байгаа хүмүүст мэдэгдлийг нь хүргүүлэх ёстой. Хэрвээ энэ ажилд зориудаар саад учруулах тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага тооцно.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-4000-6000 хүний асуудал хөндөгдөнө гэж байна. Энэ хүмүүс улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Төрийн алба, төрийн өмчит үйлдвэрийн газруудын түвшинд хууль хэрэгжиж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс хаана, хаана алдаа байгаа болохоор бид хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна гэдгээ гаргаж ирж байна. Үүний үндсэн дээр амьдралд нийцүүлнэ. Шаардлагагүй орон тоо байгаа тохиолдолд түүнийг царцаана. Магадгүй 1000, 2000 байж болно. Энэ бүхнийг царцаана. Ингээд хэрэгцээ шаардлагатай газар нь орон тоо нэмнэ. Тухайлбал, хөдөө суманд мал хамгаалахад 4, 5 хүн ажиллаж байхад хүүхэд хамгааллын чиглэлээр ажилтангүй байна. Энэ мэт анхан дунд шатанд байгаа алдаа дутагдлаа илрүүлээд, засъя гэж байгаа юм.

-Нэг яаманд дунджаар хэдэн хүн хууль бусаар томилогдсон байна вэ. Энэ хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж олгох уу?

-Бид 11 төрлийн шаардлага тавьж байгаа. Урьдчилсан мэдээгээр нэг яаманд 10-15 хүн эдгээр шаардлагыг хангаагүй гэж байна. Гэхдээ гадаадад өндөр мэргэжлээр төгсөөд ирсэн хүмүүсийг зарим яам ажиллуулж байна. Гэтэл энэ хүнийг төрийн албанд ажиллуулах хуулийн орчин байхгүй. Тиймээс цаашдаа эдгээр асуудлыг цэгцэлнэ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)