Л.Энх-Амгалан: Төрөөс шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ дэмжиж ажиллана
Шинжлэх ухаан, технологийн сангаас 180 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг санхүүжүүлжээ. Санхүүжсэн судалгаанууд уул уурхайн салбар, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хийгдсэн ТЭЗҮ, судалгаа, патентуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах механизм байдаггүй аж. Тиймээс Шинжлэх ухаан, технологийн сангаас суурь судалгаа, хэрэглээний судалгаа, өрсөлдөөнт судалгааг санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжлийг дэмжихдээ шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн оролцоог хангана. Ялангуяа томоохон төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, судалгааг төр өөрөө шинжлэх ухааны байгууллагуудаар захиалж хийлгэхийг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгон тогтоол гаргажээ.
Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Төрийн томоохон компаниуд судалгаа, ТЭЗҮ хийлгэхдээ хувийн компаниар гүйцэтгүүлдэг. Ингэхдээ тэр хувийн компаниуд санхүүжилтээ өндөр аваад судалгаагаа төрийн шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр хямдхан хийлгэдэг. Цаасан дээрх компаниудын ченжийн тогтолцоо төрийн компани, шинжлэх ухааны байгууллага хооронд тогтжээ. Тендерийн хуулиар томоохон ТЭЗҮ, судалгааг төрийн их сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгээр хийлгэх боломжгүй. Тиймээс энэ орон зайг ашиглаж тендерийн ченж бий болжээ. Үүний үр дүнд шинжлэх ухааны салбарт хэрэглэгдэх мөнгө үр бүтээлгүй зарцуулагдаж байна. Энэ чинь цавчаа орж байна гэсэн үг шүү дээ.
Монгол Улс жилд ДНБ-ийхээ 0.1 хувийг судалгаа шинжилгээнд зарцуулдаг. Төрийн өмчийн компаниудаас судалгаанд зарцуулж буй зардал нь Шинжлэх ухаан, технологийн сангаас зарцуулж буй зардлаас тав дахин их байна. ШУТС нь жилд 12-15 тэрбум төгрөг судалгаанд зарцуулдаг бол төрийн байгууллагууд 80-90 тэрбум төгрөг зарцуулдаг. Тиймээс судалгаа шинжилгээнд зарцуулах мөнгө байгаа гэж харагдаж байна. Төрийн байгууллагаас гаргаж буй 80-90 тэрбум төгрөгийн орон зай байна гэсэн үг. Тиймээс төрөөс шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ дэмжиж ажиллана.
Монгол Улсад ШУА-ийн харьяа 16 хүрээлэн, их дээд сургууль, яамдуудаа оруулаад 70 гаруй хүрээлэн бий. Тэдний хамтын ажиллагааг сайжруулж, хийгдэж буй судалгааг уялдаатай болгоно. Шинжлэх ухаанд зарцуулж буй энэ мөнгө нь зөвхөн судалгаанд зориулагдаж байна. Харин тухайн судалгааг хөгжүүлээд патент болгож үйлдвэр болгоход тогтвортой санхүүжилт хэрэгтэй байна. Хүрээлэнгүүдээс гаргаж буй бүтээгдэхүүнүүд зөвхөн судалгаа шинжилгээн дээр л явж, бүтээгдэхүүн болж, эдийн засагт өрсөлдөж чадахгүй байгаа юм. Энэ тогтолцоог хална. Хүрээлэнгүүдээр зогсохгүй шинэ санаа, шинэ патент гаргавал төр худалдаж авдаг болно.
Ерөнхий сайд эрдэмтдийнхээ тархийг улайстал ажиллуулах цаг нь болсон гэж хэлсэн. Тэдний судалгаа, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулна. Өгөөж хүртэнэ. Үүнд холбогдох бүтэц, санхүүжилтийн тогтолцоог шинэчилнэ" гэв.
Sanuulga.mn