Хэлмэгдүүллийн үеийн зарчим өдгөө ч “амьд” юм биш биз...
Монголын шүүх тогтолцооны мөн чанарыг Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар ард түмэн цэгнэнэ. Дэнслэнэ. Шударга бусыг шударга хэрхэн ялахыг, эс бөгөөс шударга бус нь шударгыг хэрхэн дарлахыг эндээс л бид харна. Үзнэ. Мэдэрнэ. Шүүхийг бид өөрсдийн үнэлэмжээр “шүүнэ”...
Иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал ихээхэн хүлээлт, дуулиан шуугиан дунд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өчигдөр эхэлсэн. Тэрбээр шүүгчдээс “Өмгөөлөгч авах эрхээр хангаж, хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү” хэмээн хүссэн юм. Гэвч шүүх бүрэлдэхүүн энэ саналыг нь хүлээж авсангүй. Бүр шүүх хурлыг хаалттайгаар үргэлжлүүлсэн билээ. Харамсалтай.
Уг нь энэхүү шүүх хурал дээр олноос нууж хаах айхавтар чухал асуудлууд хөндөгдөхгүй л байсан байлтай. Төрийн нууц яригдахгүй. Түмэн сонордоход горгүй зүйлс л сөхөгдөнө. Тиймээс нээлттэйгээр явуулахад гэмгүй л бодогдох. Гэхдээ тэгсэнгүй. Ард түмний дуу хоолойг хазаарлаж, иргэн нь төрөө, улс төрчдөө хатуу шүүмжилж болох тэрхүү эрх чөлөөт хандлагыг боомилох гэсэн эрх мэдэлтнүүдийн башир арга хэрэгжив үү гэх хардлага л ноёлох. Нийгмээрээ тийн сэрдэж байна. Ийн сэтгэсэн иргэдийн төлөөлөл ч шүүхийн гадаа үнэнг нэхэн жагсаж харагдсан.
Нөгөөтэйгүүр Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал дээр хэлсэн үгнээс нэг зүйл анзаарагдаж байна. Нэг том хардлага төрж байна. Тэр нь юу гэвээс хууль, хяналтын байгууллагынхан Д.Мөнх-Эрдэнэд өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжийг олгоогүй юм биш биз. Эрхийг нь зөрчиж, өчиггүй яллахаар улайрч байгаа юм биш биз. Цэгнүүштэй. Өмгөөлөгчөөсөө татгалзчихаад байхад нь ч хайхарсангүй. Арай л өөр чигийн, өөр агуулгын үйл явдал өрнөөд байна уу даа...
Мэдээж Д.Мөнх-Эрдэнэ өөгүй цэвэр хүн биш. Гэм бий. Алдаа байж болно. Хөх хотын консулаар ажиллаж байх үеийнх нь асуудлууд ч яригддаг. Түүнийг үгүйсгэшгүй.
Гэвч хамгийн чухал нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуульд их багын зэрэг гэм үйлдсэн хэнбугай ч байсан өмгөөлөгч авах, хавтаст хэрэгтэйгээ чөлөөтэй танилцах эрхтэй хэмээн заасан байдаг.
Хуульд тусгагдсан хүмүүний эл зайлшгүй эрхийг Монголчууд умартаж байсан он цаг гагцхүү 1937 он, их хэлмэгдүүлэлтийн үеэс хойш эцэс болсон. Өнөөдөр 21 дүгээр зуун. Ардчиллын салхи хүчтэйгээр эрчилж асан энэ цаг хугацаанд хүний эрхийг тийн зөрчинө гэдэг байж болшгүй хэрэг юм.
Ямартай ч ийм нэгэн будилаан өрнөж байна. Эцэстээ хаана хүрч, хэрхэн төгсөхийг л улс нийтээрээ харъя даа. Шударга ёс, шударга үнэн ялна, шударга шүүхийн мөн тодорно гэдэгт итгэе.
Д.Сүрэн
Sanuulga.mn