81 жилийн түүхтэй АШУҮИС 56000 эмч эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гаргажээ
Олон улсын эмч нарын өдөр өнөөдөр /03.30/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад эмч, эмнэлгийн салбарын мэргэжилтэн бэлтгэн гардаг АШУҮИС-ийн талаарх товч танилцуулга мэдээллийг хүргэж байна.
Манай улс 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад Хүн эмнэлгийн факультет 4 тэнхим 34 оюутантайгаар хичээллэж анхны деканаар ЗХУ-ын мэргэжилтэн Топольский уригдан ажиллаж эхэлсэн нь Монгол Улсад үндэсний эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх өнөөгийн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үндэс суурь тавигджээ.
1947 онд анхны 14 их эмч төгссөнөөс өнөөгийн Монгол Улсын Ардын болон Гавьяат эмч Б.Рагчаа тэргүүтэй, Ч.Долгор, Ц.Долгор, Б.Цэрэнлхам, Р.Нямаа, Г.Дорж, Б.Дамдинсүрэн, Ц.Ишханд, Г.Лодон нарын 9 төгсөгч хүн эмнэлгийн факультетдаа багшилж эхэлжээ.
Монгол ардын хувьсгалт намын Төв Хорооны 1961 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 179 тоот тогтоол, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 431 тоот тогтоолоор МУИС-ийн Хүн Эмнэлгийн Факультетыг Анагаах Ухааны Дээд Сургууль болгон өргөтгөн байгуулах түүхэн шийдвэр гарчээ.
1961 онд байгуулагдсан Анагаах ухааны их сургууль нэрээ 1990 онд Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 2014 онд Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль болгон өөрчилж, тэр хэрээр үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж иржээ.
АШУҮИС үүсгэн байгуулагдсан 80 жилийн түүхэндээ бакалаврын болон дипломын нийт 39 мэргэжлээр 56.400 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт бэлтгэн гаргасан байна.
Өнөөдөр тус сургууль:
– Бүрэлдэхүүний найман сургууль /Анагаах ухааны сургууль, Био-Анагаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургууль, Монголын анагаах ухааны олон улсын сургууль, Эм зүйн сургууль, Сувилахуйн сургууль, Эрдмийн сургууль/
–Хөдөө орон нутагт дахь Салбар гурван сургууль /Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль, Дархан-Уул аймаг дах Анагаах Ухааны Сургууль, Дорноговь аймаг дахь Анагаах Ухааны Сургууль/
–Дөрвөн эрдэм шинжилгээний хүрээлэн, нэг Молекул оношилгооны төв /Анагаах ухааны хүрээлэн, Био-анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эмнэлзүйн молекул оношилгооны төв/
– Их сургуулийн дөрвөн эмнэлэг
– Хоёр сувилал
– Ерөнхий боловсролын ЛИЦЕЙ сургууль
– Ажилтан албан хаагчдын хүүхдийн хоёр цэцэрлэг
– 1650 гаруй багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад
– 14.590 гаруй оюутантай Монгол улсын хэмжээнд Эрүүл мэндийн салбарын Эрдэм шинжилгээ – Сургалт – Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлдэг үндэсний тэргүүлэх Их сургууль болж хөгжжээ.
Тус сургуулийн эрдэмтэн докторууд, багш нарын бүтээл 2021 онд л гэхэд хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг Дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд 565 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 9919-д хүрснээр Монгол Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний бүтээлийн чансаагаар эхний байруудад эрэмбэлэгдсэн байна.
АШУҮИС нь Салбар дундын хүрээлэнгүүдээ түшиглэн ген банк, генийн болон үүдэл эсийн эмчилгээ, эсийн инженерчлэл, тархи судлал, хиймэл оюун ухаан, биотехнологи, молекул биологи зэрэг эрчимтэй хөгжиж буй салбар дундын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэх, орчин үеийн судалгааны шинэ арга аргачлал, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, дэлхийн шилдэг эрдэмтэд, судалгааны байгууллага, багуудтай хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, судалгааны үр дүнгээр шинэ бүтээл, инновацын бүтээгдэхүүн бий болгох ажлуудыг эхлүүлсэн амжилт гаргажээ.