Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

УИХ, Засгийн газрын гишүүдтэй холбоотой судалгааны  үр дүнг нь тэдэнд таалагдахаар “дүгнэдэгээ” хэзээ болих вэ?

УИХ, Засгийн газрын гишүүдтэй холбоотой судалгааны  үр дүнг нь тэдэнд таалагдахаар “дүгнэдэгээ” хэзээ болих вэ?

Өнгөрсөн даваа гарагт /2022.10.31/ болсон МАН-ын бүлгийн хурлаар 2023 оны төсвийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд хандан "МАН-ын үйл ажиллагааг дүгнэх судалгааг улс орон даяар эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын есөн дүүргийн иргэдээс судалгаа авсан. Одоо хөдөө орон нутагт үргэлжлүүлнэ. Судалгааны агуулга нь Засгийн газар, УИХ-ын хийж буй ажлыг хэрхэн дүгнэж байгааг болон тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нь хэрхэн ажиллаж байгааг тодруулахтай холбоотой" гэж хэлжээ.  Мөн "Судалгааны дүнд үндэслэн Засгийн газар ажиллана. Та бүхний рейтинг ч тэндээс харагдана шүү. Хэн тойрогтоо ажиллаж байгааг уг судалгаанаас мэдэж болно" гэж хэлсэн тухай мэдээлэл isee.mn сайтад гарчээ.

МАН-ын даргын хэлсэнчлэн УИХ, Засгийн газрын гишүүдийн талаарх рейтинг тогтоох судалгаа бодитойгоор хийгдэж байгаа нь үнэн бол тэрхүү судалгааны үр дүн нь МАН-ын эсрэг гарах нь тодорхой.

Ганцхан жишээг дурьдахад Засгийн газар нь шинэ яам байгуулсан атлаа сайдыг нь томилолгүй 8 сар болсон, одоо ч Боомтын сайдаа томилоогүй хэвээр байна. Үүний цаад шалтгаан нь улс төрийн тохироо, албан тушаалын наймаалцал, нам доторх фракц хоорондын ойлголцолд хүрэх гэсэн оролдлого байгаа.

Дээр нь үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, УИХ-ын гишүүд, сайдуудын доромж мэдэгдэл, Хэнтий аймгаас угшилтай төрийн томоохон байгууллагын дарга удирдлагуудын томилгоо, иргэд олон нийтийн дунд орж ажилладаггүй албан тасалгааны цонхоор амьдралыг хардаг сайд дарга нарын шийдэл зэрэг олон шалтгаанаар МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрыг үнэлэх иргэдийн үнэлэмж шаланд тултал буурсан.

Гэтэл судалгааны байгууллагууд сайд дарга нарын рейтинг хэвэндээ байна, өссөн байна хэмээн  судалгаанд зориулж хөрөнгө мөнгө гаргасан дарга нарт таалагдахын тулд бодит байдлаас зөрсөн, “хуурамч”  гэмээр үр дүнг тайлагнасаар ирсэн гэмээр. Энэ нь яван явсаар сонгуулийн үр дүнг ч эргүүлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Товчхондоо “мөнгө төлсөн нь хөгжимөө захиалдаг” гэдэг шиг “дарга таны рейтинг өндөр байна унаагүй байсан, өссөн байна” гэмээн судалгааны багийнхан, туслах зөвлөхүүд нь тэднийг хөөсрүүлж, хөөргөж, вакумжуулж эцэст нь олон нийтээс “тасладаг” гэмтэй.

Эндээс харвал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төсвийн зардлаар хийлгэж байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийн рейтинг тогтоох социологийн судалгаа даргад ямар ч байдлаар тайлаглалаа ч гэсэн үнэндээ бодит байдал дээр түүнээс дор байгаа гэдгийг ухаараасай хэмээн зөвлөх байна. Цаашдаа рейтинг тогтоох судалгаа нэрээр эрх баригч нам, УИХ, Засгийн газрын гишүүдийг “долоож”, тэднээс хамааралтай “оршиж”, тэдэнд таалагдах “үр дүнг танилцуулж” байдаг судалгааны байгууллагуудыг нийтэд  сурталчлан таниулах нь зүйтэй биз.

А.Галт 

Эх сурвалж: Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)