Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

УИХ “хулгайч” гишүүдээ аврахаар дотоод тохироо хийж байна гэв үү?

УИХ “хулгайч” гишүүдээ аврахаар дотоод тохироо хийж байна гэв үү?

Төрийн ордныхон “бужигнаантай” байна гэнэ. Түгшүүртэй. Онжавуудаа олноор нь “алдах” эрсдэлтэй тулсан тул “аваргуудын” хувьд амар суух нь ч хойдын хэрэг болсон бололтой. Арга саам эрж байна гэнэ. “Андуудаа” суудалтай нь үлдээхээр тэмцэж байна гэнэ.

Ерөнхий сайдын эхлүүлсэн нүүрсний хулгайн хэрэг улс төрчдийн булхайг  илчилсэн. Түүхэнд байгаагүйгээр олон гишүүн ялладагчаар татагдлаа. Гэм нь тод гэмтнүүд нь ил. Гарцаагүй иймийн тул “будлиан хутгагчдын” отго, жинсийг хураах явдал л онц чухлаар яригдах болов. Яригдаад ч удлаа.

Салхийг хагалан, жишиг тогтоож, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзахаар  өргөдлөө өгсөн. Сайшаал төрж байв саяхандаа. Гэвч энэ нь зүгээр л нэг жүжиг байсан бололтой юм. Т.Аюурсайхан хулчийсан. Сайдын суудлаараа туг тахиад гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэхээр ”нугдайж"  байх шиг. Сайн эр ээ мөн. Мөнхбатыг харин хэрхэхийг хэлэлцээгүй л байна.

Нөгөөтэйгүүр АТГ-аас нэр бүхий гурван гишүүнийг нэн тэргүүнд албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг хүсч, прокурорт хүсэлт хүргүүлсэн. Энэ асуудал ч намжмал хэвээр.

Нэр бүхий мэдээллийн сайтад УИХ-ын гишүүд дотооддоо нөхдөө хамгаалахаар тохироо хийж буй тухай мэдээлжээ. Бүр Ардчилсан намын бүлэг хуралдаж, өөрийн болон өрөөлийн талын хүмүүсийг ялгалгүй аврахаар тогтсон сурагтай. АН-аас А.Адъяасүрэн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар их хулгайд нэр холбогдож, “амь” нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж яваа. УИХ-д 11-хэн суудалтай эл улс төрийн хүчний хувьд хоёр гишүүнээ алдана гэдэг айхавтар том гарз байлгүй яахав. Тиймээс тэр гашууг гэтлэхийн тулд яллагдагч нэр зүүж, бүрэн эрхээсээ хагацах гэж буй бүгдийг л хамгаалахаар болж. Сөрөг хүчин байсан ч хамаагүй. Үлдээх кноп дарах гэнэ. Үлдээх кноп дарахыг ч цааш ухуулах гэнэ. Айлын хүүхдийг алаг үзэж болохгүй. Аа тэгж гэмээнэ бас бусдад адлагдахгүй. Агуулга нь ийм . Санаа нь тийм.

МАН-ынхан ч бас зүгээр суугаагүй нь тодорхой. Мөнхбат тэргүүтнүүд “мөнхрөх” замаа засч л яваа юм байх. Фракц фракцад нөлөөлөөд бат араанд нь оруулах талын юм болж байна гэх. Мөн чиг даапаантай хүмүүс юм даа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  овоохон том хөзрөө одоо л дэлгэх хэрэгтэй байна. Намын бүлгээ нам шахах. Намба алдагсдыг гарцаагүйтүүлэх. Тэгэхгүй бол цагаа тулахад огцрох хүн олдохгүй нь бололтой. Хамгаалаад хамгаалагдаад сурчихсан хүмүүс бэрх юм. Харж л байя. Хаана, юунд тулж эцэслэгдэх “жанхуу” юм бол доо...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)