Анхаарах л. Эргэцүүлэх л...

Бүхнээс тод. Гайхамшигт сод. Хамгийн гэгээн. Хайр ханхлам. Халдашгүй. Хиртүүлэмгүй. Тийм л ертөнц, тийм л ай хүүхдийнх.
Хүүхдийн сэтгэлийг цав цагаан цаас мэт гэдэг. Хүний тавилангийн үүтгэл зураг эндээс л эхлэнэ. Тиймээс л бид мартдаггүй. Мартагддаггүй. Балчир насны дурсамж бүхэн сэтгэлийн дайдаас сарнидаггүй. Өнө удаан. Өнө мөнхөд.
Өнөөдөр гуравхан настай хүү эмнэлгийн орон дээр тарчилж байна.Харамсам. Зүй нь бол шал өөр газарт баясал дүүрэн тарвалзаж байх ёстой юм. Эрх нь тийм. Эх, эцгийнх нь үнэнхүү чухалчлах үүрэг нь ч тийм. Гэтэл эсрэгээрээ. Урвуугаараа.
Заяа нь түшнээ тэр хүүг. Итгэл байна. Цагийн жамаар хүний дайтай эр хүн болно. Бие нь тунх төлжинө. Сэтгэл нь л харин төлжихгүй. Сэртхийсэн дурсамжтай амаргүй үедээ эргэцнэ. Насан туршдаа толботой амьдарна. Нандин үе нь бүгээнд хөлбөрнө. Халаглам. Өрөвдөм.
Эл хүүгийн жишээ анхных нь биш. Гагцхүү чухамдаа хүүхдийн ертөнцийг хүчирхийллээр бөмбөгддөг ийм л дүр зураг өнөөд тоймгүй. Гаарах нь. Газар авах нь. Гарцаагүй бид анхаарах л хэрэгтэй болж. Хэрхэх. Яах. Хэзээ бид ийм бурангуйг халах. Бодох л. Эргэцүүлэх л...
Өчигдөрхөн Ерөнхий сайд ЗГХЭГ-ын даргад үүрэг өгч, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хүүхдийн хүчирхийллийн асуудалд хангалттай анхаарч, ажиллаж чадаж байгаа эсэхэд хяналт тавихыг даалгалаа. Мөн энэ хүрээнд Гэр бүлийн хуулийг чангатгах асуудал ч хөндөгдөв. Зөв. Зүйтэй.
Одоо ажил хэрэг болгох л хэрэгтэй. Ахиц гаргах учиртай. Хэлээд, үүрэгдээд өнгөрөх биш хэлснээ “амилтал” нэхэх, дагах ёстой. Шат, шатандаа анхаарам.
Нөгөөтэйгүүр иргэд бид ч бас хэрсүү ой санамжтай байх учиртай. Хэсэг шуугиад умартах нь зохисгүй. Цаг ямагт санах л, бяцхан үрсийнхээ төлөө тэмцэх л хэрэгтэй. Бурангуйг нухчих учиртай. Тэгж гэмээнэ эерэг нийгэм цогцлоно.
Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байя бултаараа. Хүүхэд бүхэн энх тунх, амар амгалан байг...
Д.Сүрэн
Sanuulga.mn