Чадах нэг нь сайдаа хийг. Чадалгүй бусад нь чалчихаа л хийг
Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлав. Хүн зоны баяслын сэвшээтэй хамт хаврын улс төр ч эргэн ирлээ. Чуулган эхлэх нь.
Энэ хавар их зүйлийн учиг тайлагдана. Ужиг эмнэгдэнэ. Улс төрд бугшсан их хэргүүд шийдэгдэнэ. Тийм итгэл байна. Хүлээлт байна.
Нэн тэргүүнд нэжгээд халаа сэлгээ хийгдэх бололтой. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нар эрх ямбаа сайн дураар хураалгахаар хүсэлтээ өгсөн. Тэр хэрэг эцэслэгдэнэ. Мөн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан бусад гишүүдийн асуудал ч давхар хөндөгдөнө.
Гэхдээ гишүүдийн гэм зэмийг цэгнэх их “хэргээс” урьтаж ХНХ-ын яамыг нэн даруй “эзэнтэй” болгохгүй бол горьгүй нь бололтой. Төрийн ажил урагшлахгүй байна гээд уул яамныхан урвайж сууцгаана гэнэ. Унжгар байна гэнэ. Уулаасаа ч аргагүй биз.
Сайд тогтсонгүй энэ яаманд. Сайдын шүншиггүй л газар юм. Сайтар ажил явуулах жишим ч байсангүй. Сарангэрэл ул яриад ул болоод дууссан саяхан. Араас нь Т.Аюурсайхан гэгээн дүр эсгэсэн ч худалд ороогдоод хулчийж одлоо. Сайдын суудал дахиад л хоосров. Санаархагчдад нь л харин зол болох шиг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХНХ-ын дараагийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нар нэр дэвшихээр зэхэж байгаа сурагтай. Эмэгтэй сайдын квот бий тул тийн тэмцэх үндэс болсон гэнэ.
М.Оюунчимэг гишүүн бол овоохон дуулианы эзэн бүсгүй. Байнгын хуралдаан дээр цүнхнээсээ боов гаргаж иднэ, нүүрсний утаа Зайсанд хүртэл үнэртэж байна гэж ярина.
Тэгээд зогсохгүй нэр сүрээ урвуулан ашиглаж, төрөл төрөгсөд, ойр дотныхноо төрийн албаны удирдах албан тушаалд торолгүй томилуулсан булхайтай нэгэн. Төрсөн эгчээ, хүүгээ нийгмийн халамжийн салбарт хурган даргаар “өргөмжлүүлсэн” байдаг. Хоржоонтой. Даапаантай.
Өөрөө ч нэг их санаачилж, хийж, гийгүүлсэн нь үгүй. Эрмэлзэл ч харагддаггүй. Нийгэмд ойлгогдсон нь ч угаас тийм. Тийн атлаа сайдын алдарт горилж байна гэх. Итгэмгүй.
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Балжиннямын Баярсайхан ч бас Оюунчимэгийнхээ өрөөсөн дугуй. Хөдөөгийн сургуулийн бүх сурагчдыг 2022 онд багтаан боловсон жорлонтой болгоно гэсэн. Жаал попорсон. Хоосон амлалт л үлдсэн. Гавьсан үр дүнгүй. Гавьяагүй. Эцсийн дүндээ ядаж сонгогдсон тойргийнхноо ч модон жорлонгоос нь ангижруулж чадаагүй л гэнэ билээ. Завханчууд ярьж байна. Нотолж байна. Бүр харин төрсөн дүүгийнхээ кинонд төрийн албан хаагчдыг хүчээр дайчлан тоглуулдаг тухай цуурч байна. Зарим нэг сайт ч мэдээлж байна. Зарчимгүй юм. Ичмээр. Инээд хүрмээр ч юм.
Улс төрчдийн охь нь уул хоёр бүсгүйгээр хязгаарлагдах биш дээ ямар. Ухаандаа хэн нь ч сонгогдсон урагшгүйн жавар хургасан ХНХЯ-ыг улам л гундаахаас цаашгүй биз.
Дэгжээж чадахгүй. Чадал нь ч угаас хүрэхгүй. Тиймээс өөр гаргалгаа хайх хэрэгтэй. Өөр салхин “шургуулах” ёстой. Чадах нэг нь л чадахаа хийг. Сайдаа хийг. Чадалгүй бусад нь чалчихаа л хийг...
Д.Сүрэн
Sanuulga.mn
Сарангэрэл бол чадвартай шүү