Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Амьдрах байр чухал, аа мөн чанар ч чухал

Амьдрах байр чухал, аа мөн чанар ч чухал

Байгаль эхийн “хилэгнэлийг” барж, дийлэх хүчин гэж үгүй. Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер, цунами, хар шуурга. “Хэлж бус хийсч” ирдэг нь хяслантай. Хойтох үр дагавар нь ч төсөөлөмгүй их нь гаслантай.

Саяхан л гэхэд Турк, Сирид нүд хальтрам үйл явдал тохиолоо. Газар хөдлөлтийн гамшгаас үүдэж хэдэн арван мянган хүний алтан амь эрсдэв. Хүн төрөлхтөн байгалийн хүчний хажууд хэр өчүүхэн нь дахин нотлогдлоо. Дэлхий дахинаа ч том сургамж боллоо энэ.

Чухамдаа Туркт ийн олон мянган хүн хохирох болсон хамгийн том шалтгаан нь чанаргүй, стандарт бус төлөвлөлттэй барилгуудтай холбоотой. Нотлогдчихсон. Батлагдчихсан. Тиймээс барилгын чанар, стандарт гэх зүйлд бөмбөрцөг даяараа анхаарах нь зүйтэй гэдгийг энэ батлав.

Манай улсын тухайд бол барилгын чанар, стандарт гэх зүйлийг огтоосоо ойшоодоггүй гээд хэлчихэд хилс болохгүй. Сайн, муу нь хамаагүй барилга нэртэй дөрвөн хананы дунд амь зуухаа л зол гэж сэтгэдэг ард түмэнтэй. Мөнгө олж л байвал бусад нь хамаагүй гэх хувийн хэвшлийнхэнтэй. Болзолт аюулыг огт ойшоодоггүй. Энэ нь ч саяхны нэг жишээгээр нотлогдоотох шиг боллоо. Олон нийт ч хэсэгтээ л шуугиад амжсан билээ.

Тодруулбал, “Суруга резиденс” гэх компанийн захиалгаар баригдаж, саяхан ашиглалтад орсон нэгэн барилгын аваарын шат тухайн барилгад амьдарч буй айлуудын зочны өрөөний хэсэгт нь байрласан байх ажээ. Ийм үл бүтэх шийдлийг өмнө нь үзэж, харж байсангүй. Тус компани дээд айл нь доод айл руугаа аваарын шатаараа хүсэн үедээ “зочлох” боломжийг л бүрдүүлэхийг эрмэлзсэн бололтой. Тэрнээс аюулгүй байдлыг эрхэмлэсэн чармайлт энд огтоосоо үзэгдэхгүй байгаа юм.

Бүр одоо зарим айлууд нь хулгай, зэлгий гарахаас сэргийлж, аваарын шатны хаалгаа битүүлцгээж эхэлсэн байгаа юм. Халаглам. Харамсам. Ямар нэг аюул гамшиг тохиоход барилгад амьдарч буй иргэд аврагдах нөхцөлгүй болж байгаа нь тэр. Аюушигтай.

Нүдээр харахад л тус барилга зүй бус стандартаар баригдсан нь тодорхой мэт. Гэтэл барилгын  төслийг гардан гүйцэтгэсэн компанийн зүгээс барилга нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм ба стандартыг огт зөрчөөгүй гэж мэдэгдээд байгаа. Бүр тавлаж байгаа мэт айлуудын зочны өрөөн дахь аваарын шатыг шилэн хоргоор “хуягалж” өгөн, нэмэлт үйлчилгээ үзүүлжээ.

Чухамдаа бол бид эндээс нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ухаарах ёстой. Зочны өрөөнд аваарын шат байгаа нь ч дүүрч. Хамгийн гол нь аюулгүй байдал. Аваарын шатнаасаа авахуулаад асуудал дагуулж буй барилга бүхэлдээ хэр зүй зохистойгоор баригдаа бол. Энэ л анхаарал татам. Бас улсын комисс энэ мэт “завхралд” яагаад шаардлага тависангүй өнгөрсөн бэ? Цэгнүүштэй.

Энэ мэт барилгын чанар, стандарттай холбоотой асуудлууд сүүлийн үед олшрох хандлагатай болсон. Ил болон нүднээс далдаар. Иргэд ч мэдэж байгаа. Барилгын салбарт асуудал байна. Шинээр баригдаж буй болон хуучин барилгууд ч нэлэнхүйдээ асуудалтай байна. Дээр дурдагдсан нь бол зөвхөн наад захын нэг жишээ. Тиймээс орон байртай л болж байвал аюулгүй байдал хамаагүй гэх мунхаг сэтгэлгээгээ одоо бүгд орхих цаг нь болж. Холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь ч тал талдаа идэвхийлэн ажиллах үе ирж. Чанарыг чухалчилъя, Аюулгүй байдлыг эрхэмлэе. Цаг үе өөрчлөгдөж байна. Байгаль эхийн ааль ч хувирган байна...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)