О.Мөнхжинг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ
Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр хоёрдугаар сарын 14-нд гарсан.
Цагдан хорионы хугацаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр боллоо. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Мөнхжинг дахин 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх саналыг 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч О.Мөнхжинд холбогдох хэргийн ээдрээ төвөгтэй байдал, урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг үргэлжлүүлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.