Л.Энх-Амгалан: Монгол сургуулийн захирлыг монголчууд өөрсдөө мэдэж томилох ёстой
Амралтын өдрүүдэд Орос III сургуулийн захиралд орос хүн нэр дэвшүүлсэн болон ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилсан эр зоригийн хичээл заасан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан юм. Тэгвэл уг асуудлуудад Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дор бүр нь хариу өглөө.
Орос III-ийн захирлын асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “ОХУ-ын талаас Орос III сургуулийн захиралд ийм хүнийг нэр дэвшүүлж байна гэх түрэмгийлсэн захидал ирсэн байна лээ. Монгол сургуулийн захирлыг монголчууд өөрсдөө мэдэж томилох ёстой. Иймэрхүү маягаар Монголын дотоод хэрэгт оролцож болохгүй. Энэ асуудлаар Элчин сайдтай уулзаж хэлсэн, “Би Буриадын Боловсролын сайд биш шүү. Би тусгаар тогтносон Монгол Улсын Боловсролын сайд. Тиймээс Буриадынхаа Боловсролын сайдтай харьцаж байгаа юм шиг ийм бүдүүлэг үйлдлийг дахиж битгий гаргаарай гэдгийг анхааруулж хэлсэн.
Орос III сургуулийн дүрмээр л асуудлыг шийдэх ёстой. Сургуулийн дүрэмд энэ сургуулийн удирдлага, сургуулийн өмч хөрөнгө бол Монгол Улсын хуулиар, Монголын тал шийдэх зохицуулалттай байгаа шүү дээ. Дүрэм, гэрээгээрээ Монголын өмч байгаа. Арай ч энэ сургуулийг ОХУ-ын өмчлөлд шилжүүлчихгүй болов уу гэж бодож байна” гэжээ.
Харин дайныг сурталчилсан гэх асуудалд “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой” гэсэн юм.
Sanuulga.mn