Балгас болох нь байна шүү нийслэл хот чинь...
Амь насанд эрсдэлгүй, эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдарч, аж төрөх нь хүн бүрийн нэн тэргүүний хүсэл. Хэрэгцээ. Язгуур эрх. Чухамдаа эгэл ардынхаа ийн хүслийг л хэр зэрэг гүйцэлдүүлж, эрхийг нь ханган, сэтгэл ханамжтай байлгахаас хамаарч тухайн улсын хөгжлийн түвшин тодорхойлогддог жамтай.
Манай улсын тухайд хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотдоо багшралдан амьдарч байна. Угтаа бол Нийслэл хот маань л сайхан болчихвол нийт хүн зоны дийлэнх нь сэтгэлийн амгаланг эдлэх нигууртай. Гэхдээ санаснаар ямар болох биш дээ. Цагтаа Азийн цагаан дагина хэмээн цоллуулж явсан “алга дарамхан” хотын маань өнцөг, булан бүрт асуудал бугшаастай. Өөдийн заяа үзсэн түүх үгүй. Өдгөө үүсэн, бүрэлдсэн агуулга нь дөрвөн зууны утга руу хэлбийж, өөд нь татдаггүй дарга, сайд нарын “буянаар” үнсэн сааралд хөлбөрч байна.
Их хотын том дарга нар хотоо өөд татах, хөгжүүлэх бус хөрөнгө мөнгө, бор дарс, хүүхэн шууханд ойр явахыг илүүтэйд үздэг бололтой.
Утаа, түгжрэл, хөрс, орчны бохирдлын талаар ярих ч юм биш. Ужгирсан сэдэв болоод удлаа. Угтаа ам нээгээд ч хэрэггүй. Анхаарах хүн ховор болж. Дээд, доодгүй бодит байдалтай эвлэрчихсэн. Хүлээн зөвшөөрчихсөн маягтай.
Тэгвэл мөнхүү бас тэдгээрийн дээр нэмэгдээд одоо Нийслэлийн зам, замын байгууламжуудын эвдрэл гэмтлийн асуудал зайлшгүй яригдах, хөндөгдөх, анхаарах сэдвүүдийн дараалалд багтаж, дээгүүр “зиндаанд” эрэмбэлэгдэх болжээ.
Улаанбаатарын хаа сайгүй л өмөрч, цөмөрсөн, замууд дурайх болж. Хотын төвд, хотын захад ялгаагүй. Халаглам дүр зураг тоймгүй.
Наад захын жишээ гэхэд л Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Баянзүрх захын ойр орчмын зам, зам бус там болж. Дайны талбар аятай л болж. Юу юугүй цөмрөх нь үү гэлтэй. Иргэдийн айдсыг төрүүлж байна. Бухимдлыг ч өдөөж байна.
Хотын захаа бардаггүй юмаа гэхэд ядаж хотын төвд хамаарах байршлуудынхаа энэ мэт эвдрэл, гэмтлүүдийг засах нь нийслэлийн удирдлагуудын нэн тэргүүний үүрэг байлтай.
Нийслэлийн автозамын хөгжлийн газрын нэр бүхий албан тушаалтны мэдээлснээр “Хотын автозамын засвар үйлчилгээнд зарцуулагдах төсвийн дийлэнх нь томоохон бүтээн байгуулалтын ажлуудад шингэчихээд байгаа учраас замын хагарсан, цөмөрсөн хэсгүүдийг нөхөх, сэргээх ажилд анхаарал хандуулах, засаж тохижуулах боломж, хөрөнгө мөнгө хомс байна. Мөн зарим нэг цөмрөлүүд дулааны шугам сүлжээтэй холбоотойгоор үүсч байгаа тул бидний чиг үүргээс гадуурх хэрэг” хэмээсэн юм.
Угтаа бол Нийслэлийн тэр олон чиг үүргийн газар, хэлтсүүд тал талдаа хамтран ажиллаад энэ мэт асуудлуудаа шийдээд явчих хэрэгтэй байгаа юм. Нэгэн рүүгээ бухах бус нэгдэж ажиллах хэрэгтэй. Өнөөдөр багахан асуудал мэт харагдаж байгаа замын өмөрхий, цөмөрхий нь цаашид улам томорч, иргэд эд хөрөнгө, бие махбодоороо хохирох нөхцөл үүсвэл яах вэ?
Хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Хотын дарга уу? НИТХ-ын төлөөлөгчид үү?
Сумъяа бэйстэн нэн ялангуяа энэ асуудалд анхаарал хандуулвал зохилтой юм шиг. Шагнал гардуулаад л гүйж үзэгдэх юм. Шавилхан ч ухаантан бол доо. Хариуцсан ажилдаа л тийн зүтгэл гаргавал сайн сан. Жинхэнэ шагнал тэр болно.
Нийслэлчүүдээ дэмнэсэн шагнал болно. Санаачлагатай бай. Бүтээ. Ажилла. Хотын даргаа. Эс бөгөөс хот бус балгас болох нь шүү нийслэл хот чинь...
Д.Сүрэн
Sanuulga.mn