Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11 утсаар дамжуулан авч эхэллээ

Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг 11-11 төв болон E-Mongolia системээр өнөөдөр 09.00 цагаас хүлээн авч эхэллээ. Засгийн газар энэ ажиллагааг “Шүгэл” хэмээн нэрлэсэн.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго өчигдөр энэ талаар мэдээлэхдээ “20 хүртэл сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дансны тоо нийт хадгаламжийн 97 хувийг эзэлжээ. Энэ нь манай улсад тэгш бус байдал ямар түвшинд байгааг харуулна. Авлига манай улсад ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. Ажлын хэсгийг би ахалж ажиллана. Иргэдээс шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад бид анхаарна” гэсэн юм. Иргэд
- 11-11 дугаарын утас,
- Ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд,
- Шуудан
- Цахим сүлжээнд нээх Шүгэл хуудсаар дамжуулан мэдээлэл өгөх боломжтой.
- Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна.
Иргэд нэрээ нууцлан баримт, мэдээлэл өгөх боломжтой. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлэх юм.
Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. ХЗДХЯ-наас энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Sanuulga.mn