2023 онд Хөгжлийн банканд хоёр бондын эргэн төлөлт хүлээгдэж байна

Хөгжлийн банкны шүүх хурал, бондын эргэн төлөлтийн талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкны шүүх хурал гэдгийг иргэд маань буруу ойлгож байгаа зүйл ажиглагдаж байна.
Хөгжлийн банк иргэний хэрэг дээр өр зээлийн асуудлаа төлүүлэхээр тухайн зээлдэгчийг шүүхэд өгдөг нэг тусдаа ажиллагаа бий. Нөгөө нь АТГ-аас шалгагдаад, прокурор дээр хянагдаад одоо шүүх хурал нь хүлээгдэж байгаа Эрүүгийн хэргийн шүүх ажиллагаа юм.
Аль ч шүүх хурлын хэргүүдэд Хөгжлийн Банк хохирогчоор оролцож байгаа. Банкны хувьд иргэний хэргийн асуудлаар нотлох баримтаа гаргаад, шүүх хурлыг үр дүнтэй болгохоор ажиллана. Нөгөө талд эрүүгийн хэрэгт банкны зүгээс нотлох баримт, тайлбараа өгөөд шүүх хуралд оролцоод явааг хэлье.
Түүнчлэн 2023 онд Хөгжлийн Банканд хоёр бондын эргэн төлөлт хүлээгдэж байна.
- 2013 онд Засгийн газрын баталгаатай гаргасан 30 тэрбум иений "Самурай" бонд бий. Энэхүү бондыг зээлийн эргэн төлөлтөөрөө өнгөрсөн жил эх үүсвэр бүрдүүлээд, Монголбанкны тусгай дансанд иенээр хадгалчихсан.
- Олон улсад 2018 онд гаргасан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт хүлээгдэж байна. Хөгжлийн Банкнаас хэрхэн төлж барагдуулах, зохицуулах төлөвлөгөө гаргаад, Сангийн яаманд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэлээ.