УИХ-ын гишүүн С.Ганбаатар "хор хутгаж", малчдыг хохироосон гэв үү?
Ухаандаа бол манай улсад үнэн, шударга гээчийн үнэ цэнэ алдагдаж. Үнэн, шударгын замаар үйлдэгддэг үйл ч гэж үгүй болж. Ихийн их, багын бага зэрэг. Элдэв булхай энд тэндгүй л бугшиж үзэгдэх. Улс төрийн тавцнаас авахуулаад эгэл малчны хотонд хүртэл. Тийн агуулга л ноёлж байна. Халаглам байна.
Үүний нотолгоо мэт улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид уг эрх мэдлээ зүй бусаар урвуулан ашигласан болчимгүй үйлдлүүд тасралтгүй гарсаар. Бүр сүүлдээ улс, аймгийн аварга малчдыг тодруулах ажилд ч “хошуу дүрж”, хор хутгадаг болж. Баянхонгорчууд цуурч байна. Саяхны нэгэн хэрэг байна. Сийрүүлбээс, Улсын аварга малчин өрх шалгаруулах ажлын хүрээнд Баянхонгор аймгийнхан журмын дагуу аймгийн ХХААГ дээр шалгаруулалт хийж, хамгийн өндөр үнэлгээ авсан С.Бямбасүрэн нарын найман малчны материалыг ХХААЯ-нд хүргүүлжээ.
Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний туслах нар нь Засгийн газрын зарим албан тушаалтнуудтай хувалдан, Баянхонгор аймгаас журмын дагуу ирсэн нэрсээс малчин С.Бямбасүрэн, Д.Ринчиноров нарын нэрсийг хасаж, оронд нь Баацагаан сум, Галуут сумын “болзол хангаагүй” хоёр малчныг оруулсан байна.
Ямар эрх ашиг тэнд үйлчлэснийг мэдэхгүй. Ямартай ч ийнхүү хоёр малчны үнэнхүү хөдөлмөрөө үнэлүүлэх гэсэн эрмэлзлийг “хорчин” гишүүн “уландаа гишгэж”, эгэл ардаа хохироожээ. Ийм байж болохгүй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын хууль зөрчсөн энэхүү үйлдлийг шалгах хэрэгтэй. Хууль тогтоогч хүн, хуулиа умартаж боломгүй шүү дээ….
Д.Сүрэн
Sanuulga.mn