Авлигачдыг “авлах” 5Ш ажиллагаа эхэллээ, сайшаалтай
Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн арван таван. Хачин сайхан өдөр юмсанж. Бэлгэшээл дүүрэн. Баясал арвин. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энд тэндгүй л тэдний тэгш эрхийн тухай асуудал хөндөгдөх. Тун чиг зүйтэй. Ийн сацуу Засгийн газар ч бас улс, үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, авлигачдыг “сандаргах” их ажлынхаа эхлэлийг тавьж байна. Сайшаалтай.
2023 он бол “Авлигатай тэмцэх жил”. Засгийн газар ийн тунхагласан. Засгийн тэргүүн нь ч авлигачдыг “үзэхгүй” гэдгээ удаа дараа олон нийтэд мэдэгдсэн. Улмаар 5Ш гэх ажиллагаагаар авлигачдыг “авлана” гэв. Тэгвэл тэрхүү нүсэр “ан” өнөөдөр “Шувуу” ажиллагаагаар эхэлж байгаа бололтой.
Өглөөхөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авлигын хэрэгт холбогдсон ч гадаад руу оргон зайлсан гэх 92 хүний нэрийг нийтэд зарлалаа. Тэдгээрийн толгойд ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарын нэрс цохиж явна билээ. Гарцаагүй. Шалгагдах л ёстой хүмүүс. Бүхний эхэнд. Бүгдийн тэргүүнд. Улмаар тэдгээрээс улбаалаад үлдсэн нөхдийг нь ч “сандаргах” хэрэгтэй. Цөмийг нь эх оронд нь авч ирвэл зохилтой. Зөв. Тэгээд л хууль том уу, хулгай ч том уу гэдгийг цэгнэчих хэрэгтэй байгаа юм. Ард түмэн ч давхар хянана. Хяхна шүү дээ.
Ер нь авлигачидтай тэмцэх Засгийн ажил чамгүй урагштай байна. Авлигын индексээр нэг их ахиж шалиагүй ч бар жилд Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан. Мөн Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлд анхаарч, аливаа албан тушаалд даргын цохсон “цүнх баригчид” бус ардын хүү нээлттэйгээр томилогдох боломжийг ч бүрдүүлсэн. Энэ бол маш том дэвшил, голтой ажил болсон.
Одоо тэгвэл 5Ш ажиллагаа албан ёсоор эхэллээ. Авлигатай тэмцэнэ гэсэн Засгийн сайхан амлалтууд ч цаг, минутаар хэмжигдэх боллоо. Хичээх цаг. Авлага, өглөгийн дэнсээр асуудлыг шийдэгчдийг бултаар нь хашраая. Бултаараа хашраая.
Д.Сүрэн
Sanuulga.mn