Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

С.Батдөлийн хэрэг юу болж байна вэ?

С.Батдөлийн хэрэг юу болж байна вэ?

Баахан баахан бужигнаантай бар жил улирав. Балаг нь их ч басхүү амжилттай. Бугшсан асуудлууд ил боллоо. Хулгайнууд ил боллоо. Хулгайчид ч тодорлоо.

Нүүрсний гэх хэрэг ардын уцаарыг өдөөсөн. Нүргэлсэндээ ёстой ч. Үр дүн нь тод. Хумслагчдыг сандаргасан. Хуйгаар нь шийтгэнэ гэдгээ ч Засаг маань тунхаглаж, иргэдээ дэмжсэн. Удаах ажлууд нь үргэлжилж л байна. Урагштай чухам. Монголчууд харж байгаа. Хянаж байгаа. Тиймээс эцсийн дүн нь эерэг байж, үнэний тал руу хэлбийнэ гэж итгэнэм.

Нөгөөтэйгүүр бар жилийн онцлоход Батдөлийн хэрэг баараггүй багтана. Бантан хутгасан нөхөр. Баадан баадан мөнгө гэрээсээ хураалгаад л. 10 тэрбум төгрөг шүү дээ. Бизнесийн орлого гэж мэлзсэн. Итгэмгүй. Учир мэдхүүд нь нотлоод өгсөн дөө угаас. Буруу замын л хөрөнгө гэдгийг нь.

Байдал нэгэнт тодорхой болсон. Тиймээс бушуу л зохих хариуцлагыг нь хүлээлгэмээр байгаа юм. Ийм хэргүүд баардаг талтай. Түүхтэй. Тиймээс хууль хяналтынхан идэвхийлмээр л бодогдох. Гэтэл хорихоос цаашгүй нь. Гэмийг нь хүлээлгэж дөнгөхгүй нь бололтой.

Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаагийн хэрэг яг л ийм замаар явсаар сая нэг юм шийдэгдлээ. Шийдэгдсэн ч гэж дээ тийн “нэр зүүлээ”. Шалихгүй л бандаж. Сая гаран төгрөгөөр торгоод, жолооны эрхийг нь л хасаад өнгөрч. Чухамдаа Монголын хууль, хяналт, шүүхийн байгууллагынхны бодит дүр нь л ийм. Үнэнд  бус худалд дарлуулах. Шударга бусад эзэрхийлүүлэх.

Маралмаагийн хэргээс хэд дахин нэт атлаа Батдөлийн хэрэг ч бас ингээд өнгөрөхгүй гэх баталгаа үгүй. Тиймээс бид туйлын хэрсүү, нэхэл хатуутай байх хэрэгтэй. Авлига, албан тушаалын хууль чангарсан. 5-12 жилийн ялтай болсон. Бултах аргагүй. Иймийн тул энэ хавартаа багтааж Батдөлд зохих хариуцлагыг нь хүлээлгэхийг эрх баригчдаас шаардъя. Шахъя. Тэгж гэмээнэ шударга үнэний гэрэл гийнэ. Цаашид тэр гэгээ улам тодрохын зам ч засагдана.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)