Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Газрын ховор элементийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя, судалъя, тандъя

Газрын ховор элементийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя, судалъя, тандъя

Газрын ховор элемент буюу ховор металлын эрэлт, хэрэгцээ дэлхий дахинаа тасралтгүй өсөж байна. Үнэ нь ч “талийж” байна. Зэвсэг, техникээс авахуулаад даяар зоны байнгын хэрэглээ болсон гар утас, зурагт, компьютер тэргүүтнүүдийг “амилуулах” салшгүй орц нь гагц газрын ховор элемент л болсоны тул өндөр технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх гэсэн эрмэлзэлтэй их гүрнүүдийн хүсэл тийн нэгэн чигт оволзох нь гарцаагүй. Байгальд ээлтэй шинэ содон техник, технологийг нэвтрүүлэхээр өрсөлдөж байна. Тийн зах зээлд нөлөөгөө тогтоохоор тэмцэлдэж байна.

Дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тонн газрын ховор элементийн нөөц бий. Үүний гуравны нэгээс илүү нь БНХАУ-ын атганд байна. Ерөөс энэхүү зах зээлийн акулууд нь тэд гэхэд хилсдэхгүй. Тиймээс тоглоомын дүрмийг дураараа тогтоож, үнийг хүссэнээрээ өсгөж, бууруулдаг байна. Мэдээж ингэж “дээрэлхүүлэхийг” дэлхийн бусад томоохон гүрнүүд хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс Америк, Япон, Солонгос зэрэг улсууд хамтран, нэгдэл байгуулж, Хятадын газрын ховор элементээс хараат байхын төлөө мэрийж байна. Газрын ховор элементийн нөөцтэй Монгол мэт өөр бусад улс орнуудад ч хөрөнгө оруулахаар ажиллаж байна. Энэ сиймхийг л бид алдаж болохгүй.

Манай орны хувьд одоогоор Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан Бүрэгтэй зэрэг газрын ховор элементийн таван ордыг илрүүлээд байгаа. Эдгээр ордуудын нөөц урьдчилсан байдлаар гурван сая гаруй тонн гэх тооцоо бий юм. Гэвч бидний тухайд олборлолт, боловсруулалтын талаар ярихад хэтэрхий эртэднэ.  

Нэн тэргүүнд эрсэдлийн судалгааг шат дараалалтай хийж дүгнэлт гаргах, нөөцийг бодитойгоор тогтоон олон улсын стандартаар тооцож батлуулах, ордын хэмжээнд иж бүрэн технологийн судалгаа хийх шаардлагатай байна. Ингэснээр тухайн орд газраас ямар элемент, металлыг хэр хэмжээгээр олборлон боловсруулж болох талаарх бодитой төсөөлөл бий болно. Түүндээ үндэслэн эдийн засгийн үр ашгийн талаар тооцоо, судалгааг нарийвчлан хийх боломж ч бүрдэх юм.

Гэвч энэхүү ажлыг бүрэн төгс хийж, гүйцэтгэхэд даруй 10-15 жилийн хугацаа шаардагдана гэх. Тийн байтал манайхны судалгаа шинжилгээний ажлын явц ахиц, урагшгүй хэвээр л байна. Атган дахь эрдэнээ алт болгох замыг засч чадахгүй ухнадсаар байтал дэлхий, ертөнцийн өнгө, жаяг хэдэнтээ, хэрхэн хувираа ч билээг  таамаглах аргагүй.

Үүнийг ч ухаарсан бололтой. Ерөнхий сайд саяхан Солонгост айлчлахдаа газрын ховор элементийн салбарт бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Улмаар удахгүй хоёр орны хамтарсан судалгааны төв байгуулахаар тогтоотох шиг боллоо.

Уг нь тэртээ 2011 онд Япон улсын төрийн өмчийн ЖОГМЕК корпараци болон Дэвшилт материал, Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд газрын ховор элементийн судалгааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсан байдаг.  

Мөн 2011 оны есдүгээр сард Финлянд улсын ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд Финлянд улсын засгийн газраас Монгол Улсын Геологийн Төв Лабораторид газрын ховор элементийг баяжуулах лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж, төслийн хүрээнд 700 мянган еврогийн өртөгтэй шинжилгээний тоног төхөөрөмжийг ч хандивлаж байжээ.

Энэ мэтээр манай улс хэд хэдэн оронтой газрын ховор элементийн судалгаа, шижилгээний хүрээнд хамтран ажиллах гэрээ хэлцлүүд хийсэн байдаг ч өдгөө хүртэл дорвитой үр дүн гараагүй л байна. Одоо л харин харъя даа. Бид уг нь энэ чигт хүч хаях ёстой. Судалгаа, шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэгж байж эдийн засгаа тэлнэ. Ирээдүйд дан ганц нүүрс, зэсэнд хүлэгдэхгүй байх боломж бүрдэнэ. Хэдхэн килограмм ховор металл хэдэн тонн нүүрсний үнэтэй дүйнэ шүү дээ.

Саяхан даа. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй уулд газрын ховор элементийн хайгуулын өрөмдлөг хийж байсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна билээ. “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК харин тус ордод хийж байгаа нарийвчилсан хайгуулыг үргэлжлүүлж, нийт нөөцийг тогтоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Энэ нь ч нэг талдаа зөв.

Учир юун гэвээс өнөөдрийн байдлаар газрын ховор элементийн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүгд хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Төрийн мэдлийн орд газар гэж байхгүй. Төрийн оролцоотой явагдаж байгаа судалгаа, шинжилгээний ажлууд ч гэж  үгүй. Одооноос л эрчимжих гэж байна. Тэгэхээр ойрын хугааанд хэн судалж, бодит нөөцийг тогтоох вэ? Хувийн хэвшлийнхнээс гарцаагүй. Бодит байдал ийм. Тэгэхээр хааж боож, хазаарлаад байх нь зөв шийдэл биш. Хууль бусаар олборлолт явуулах гэсэн үйлдлийг л харин нухчин дарах нь зүйтэй. Тиймгүй л бол нарийн хараа хяналт дор үйл ажиллагааг нь үргэлжлүүлбэл зохилтой.  Дэлхий нийтээрээ газрын ховор элемент гээд “амиа тавьж” байхад бид л гагцаар “дутаж, урагшгүйтэж, муйхарлаж” болохгүй. Хөгжлөөс бүр л “хоцорно”. “Жийгдэн” үлдэнэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр газрын ховор элементийн орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа нэг томоохон шалтгаан нь хуульд бий. Газрын ховор элемент нь цөмийн энергийн бодис, материал гэж “Цөмийн энергийн тухай” хуульд тусгасан байдаг. Тэгвэл дэлхийд манай улсаас өөр ГХазрын ховор элементийг цөмийн энергийн бодис, материал гэж хуульдаа тусгасан улс орон байхгүй.гэнэ. Мөн эл хуульд газрын ховор элементийн орд газрын 51 хувийг төр эзэмшинэ гээд заачихсан тул хөрөнгө оруулагчдын таалалд төдийлөн их нийцэхгүй нь мэдээж. Ашгаа бодно. Араа бодно. Тиймээс хуулиа шинэчилж, төр хувийн хэвшил “тааламжтайгаар” хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ л зөв шийдэл. Гаргалгаа. Чухамдаа тэр цагт л бид газрын ховор элементийн үр ашгийг мэдэрч, бултаараа баяжих мөрөөдөл хэлхэх бага ч гэсэн итгэлтэй болно.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)